Хөлөөрөө санал өгнө
Коммунист нам эрх мэдлээ нэмснээр Кубад амьдрал хэцүү хэвээр үлдэнэ
Кубын үндэсний ассамблейн гишүүдийг кубачууд гуравдугаар сард сонгоно. Гэвч нэг нам ноёлсон тус улсад өөрчлөлт гарахгүй. Эдийн засгийн нөхцөлийг сайжруулах, улс төрийн эрх чөлөө өгөхийг хүсэж иргэд нь 2011 онд гудамжинд жагссан. Ихэнх нь шоронд урт хугацаагаар хоригдох ял авчээ. Үүний хариуд эдийн засагт хувийн секторын эзлэх хэмжээг Засгийн газар бага зэрэг өсгөсөн ч улс төрийг Коммунист нам бүрэн хянаж байна
Сонгуулийн хамгийн эхний шатанд л кубачууд сонголтоо илэрхийлэх боломжтой. Дүүрэг, хотын иргэдийн уулзалтаас урьдчилж сонгосон гишүүд бүхий мужийн ассемблейгээс Үндэсний ассемблейн гишүүдийн талыг санал болгодог. Үлдсэн нэр дэвшигчдийг үйлдвэрчний эвлэл, хамтрал, эмэгтэйчүүд, сурагчдын холбоо зэрэг байгууллагууд гаргаж ирдэг. Үндэсний ассемблейд нэр дэвшигчдийн сонгуулийн хуудсыг хэвлэж дуусахад суудал тус бүрд ганцхан нэр дэвшигч үлдсэн байдаг. Тэднийг бүгдийг нь нам зөвшөөрсөн байх бөгөөд олонхын санал авахад л тухайн суудалд сонгогдоно. Улмаар тэд намаас санал болгосон Ерөнхийлөгчийг батлах ёстой. Тус албан тушаалыг 2019 оноос хойш хашиж буй Мигель ДиасКанелийг тэд батлах нь тодорхой.
Кубачууд сонгууль өгөхөөс татгалзах, нэр дэвшигчийг үл хүлээн зөвшөөрөх зэргээр дургүйцлээ илэрхийлж магадгүй. Сонгуулийн үр дүнгээс бус нам доторх махинацаас шалтгаалж улс төр өөрчлөгддөг (үндэсний ассемблей жилд хоёр удаа хуралддаг) гэдгийг тэд мэддэг. Тиймээс өөрчлөлт бараг гарахгүй байгаа юм. Зөвхөн коммунист намыг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэвч ахмад үеийн цаг үе дуусаж байгаа тул байдал сонирхолтой болж мэднэ. Фидель Кастро 2016 онд нас барж, дүү Рауль намын нэгдүгээр нарийн бичгийн дарга хэмээх хамгийн хүчирхэг албан тушаалыг авсан. Тэрбээр Диас-Канелийг нэгдүгээр нарийн бичиг болон Ерөнхийлөгчөөр томилсон юм. 1959 оны хувьсгалаас хойш Кастрогоос өөр хүн төрийн эрхийг ядаж цаасан дээр авсан нь энэ байлаа. Диас-Канел намын ахмадуудын нэг боловч хувьсгалын дараа төрсөн.
Улс төрийн шинэчлэл бус эдийн засгийн хүндрэл кубачуудын гол асуудал.
Улс төрийн эрх чөлөө бус эдийн засгийн хүнд байдал 2013 онд олон кубачуудын бодлыг эзэмдэнэ. Хар салхи, хөнгөлөлттэй үнээр газрын тосоо өгч тус болдог Венесуэлийн сүйрэл зэрэг дараалсан цохилт тус улсыг дайрсан. Америкийн эдийн засгийн хориг, Ковид-19 цар тахал нь аялал жуулчлал, гадаад мөнгөн гуйвуулгад хохирол учруулав. Засгийн газрын буруу удирдлага ч байдлыг улам дордуулжээ.
Үр дүн нь инфляц, хүнсний хомсдол юм. Эдийн засгийг хянахаа нам сулруулах ч хүмүүсийн санаанд хүрэх хэмжээгээр султгахгүй. Маш олон хүн эх орноо орхисон. 2021 оны аравдугаар сараас 2022 оны наймдугаар сарын хооронд Мексикийн хилийг давж АНУ руу нэвтрэх гэсэн 200 мянган куба иргэн баривчлагджээ. Энэ тоо улам нэмэгдэнэ. Сонгуулиар саналаа илэрхийлэх боломжгүй тэд хөлөөрөө санал өгнө.
САРА БИРКЕ Мексик, Төв Америк, Карибын бүсийн товчооны тэргүүн, ХАВАНА
Дэлхий 2023 дугаараас