Ц.Батболд: Кокс, ган төмөрлөгийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 2025 онд дуусна

Mongolian Economy
2020-12-16 16:33:14
Ангилал: Уул уурхай

“Эрдэнэс Стийл” ХХК-ийн захирал Ц.Батболдтой тус компанийн хариуцаж ажиллаж буй кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн талаар ярилцлаа.

-Та манай уншигчдад кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийн талаар тодорхой ойлголт өгнө үү?
-“Эрдэнэс Стийл” ХХК жилд 500,000 тонн металлургийн кокс, 300,000 тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Үйлдвэрийн байршлын судалгаа хийгээд Говьсүмбэр аймгийг сонгох нь хамгийн оновчтой гэж үзсэн. Уг үйлдвэр ашиглалтад орсноор 1500 гаруй шууд ажлын байр бий болохын зэрэгцээ дагавар олон жижиг, дунд үйлдвэр үүсэж хөгжих үндэс суурь тавигдах олон талын ач холбогдолтой  юм.

Тус цогцолбор үйлдвэрийг барьж байгуулахаар 2015 оноос ажлын хэсэг байгуулагдаж, судалгаа шинжилгээ, эдийн засгийн үр ашгийн тооцоо, техник, технологийн ерөнхий үндэслэлийг боловсруулсан. Өдгөө тус үйлдвэрийг барьж байгуулах, хэрэгжүүлэх түвшинд хүрээд байна.

-Цогцолбор үйлдвэр байгуулах ажлын явц ямар түвшинд явж байна вэ? Ойрын хугацаанд төслийн ажилд ямар ахиц гарав?
-2015 оноос судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлж, 2017 оноос компанийн зохион байгуулалтад шилжин, улмаар судалгаа шинжилгээ, эдийн засгийн үр ашгийн тооцоо, техник, технологийн ерөнхий үндэслэлийг боловсруулсан бөгөөд 2019 онд УУХҮЯ-ны Эрдэс баялаг, мэргэжлийн зөвлөлийн хурлаар техник-эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлж батлуулсан. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийг барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд БНХАУ-ын Төрийн өмчит, Азийн Топ-10 компанийн нэг “SinoSteel” компани цогцолбор үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах сонирхлоо илэрхийлж, талууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Уг ажлын дагуу техникийн уулзалтууд болон төслийн явцыг танилцуулах бизнес уулзалтууд болсон.

-Аливаа том төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг бол санхүүжилт. Тус төслийн санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 320 сая орчим ам.доллар. Хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилгоор Францын “Natisix”, “Credit Suisse” зэрэг хөрөнгө оруулагчтай уулзалт хийсэн. Уулзалтын дүнд хөрөнгө оруулагч нар цогцолбор үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж сонирхлын албан бичиг ирүүлсэн.

-Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хэзээ дуусах хүлээлттэй байна вэ? Төслийн бүтээн байгуулалтад тулгарч болзошгүй эрсдэл юу байж болох вэ?
-Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 онд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Мэдээж хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал, эрчим хүчний хангамж, бүтээн байгуулалтын ажлын явцад үүсэх төрөл бүрийн эрсдэл гарч ирж болно.

-Кокс, ган төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулах зах зээлийн судалгаа хийгдсэн байх. Дотоодод нийлүүлэхээс гадна экспортод гаргах бүтээгдэхүүний хувь хэмжээний талаар мэдээлэл өгнө үү? Дотоодын болон БНХАУ-ын эрэлт хэрэгцээний хэдэн хувийг хангах вэ?
-Төмөрлөгийн аж үйлдвэрийн салбарыг кластераар хөгжүүлэх шаардлага, хэрэгцээ, боломж, гарцын талаар тус салбарын судлаачид ярьдаг. Тэдний үзэж буйгаар барилгын бүх төрлийн цувимал ган бүтээгдэхүүн, төмөр хийц зэргийг дотооддоо бүрэн үйлдвэрлэх боломжтой. Мэдээж эхний шатанд дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бөгөөд цаашид экспортод гаргах зорилт тавин ажиллаж байна.

-Та тус төслийн ач холбогдол, Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
-Төсөл амжилттай хэрэгжиж, цогцолбор үйлдвэр байгуулагдсанаар импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ үйлдвэр Монгол Улсад бий болж, орон нутагт 1500 гаруй ажлын байр шинээр бий болох, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх, улсын төсөвт ихээхэн хэмжээний татвар хураамж төвлөрөх, орон нутгийн хөгжилд даацтай түлхэц болох зэрэг олон давуу талыг авчрахаас гадна кокс, хими, ган хайлах үйлдвэрийг дагаад олон жижиг, дунд үйлдвэр хөгжих үндэс суурь тавигдах юм.

Мөн Монгол орны коксжих нүүрсний үнэлэмж, түүний гүн боловсруулах дараагийн шатны шинэ үйлдвэр, бүтээгдэхүүн үүсэн бий болох нөхцөл бүрдэнэ. Бүс нутаг, Говьсүмбэр аймгийн хөгжилд ч тодорхой ахиц үзүүлнэ гэж төслийн өгөөжийг үнэлж байна.

-Үйлдвэрт ашиглах түүхий эдийн нийлүүлэлтийг хэрхэн шийдэх талаар ТЭЗҮ-д юу гэж тусгасан байгаа вэ?
-Төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн түүхий эд бол төмөр агуулсан хүдэр, төмрийн баяжмал, агломерат болон металлургийн зориулалттай кокс, шохойн чулуу, жонш зэрэг юм. Манай орны хувьд эдгээр түүхий эдийн олборлолт, бэлтгэн нийлүүлэлт нь сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж өсөн нэмэгдсээр байгаа. Манай төслийн түүхий эдийн хувьд коксжих нүүрсийг Тавантолгойн орд, төмрийн хүдрийг Хэнтий, Дорноговь аймгийн төмрийн хүдрийн ордууд, Сэлэнгэ аймгийн Баянгол ордуудаас нийлүүлэх боломжтой. Эдгээр орд нь дэд бүтэц, төмөр зам дагаж байрласан учир өртөг бууруулах боломжийг олгож байна.

Иймд энэ төрлийн бүтээгдэхүүний боловсруулалтыг цаашид ахиулан эцсийн бүтээгдэхүүн болох ган, кокс бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улс орны ирээдүйн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм.

-“Эрдэнэс стийл” компани хүний нөөцийн ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ? Үйлдвэр ашиглалтад орсны дараа ажиллах боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн үү?
-Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 1500 орчим шууд ажлын байр бий болох юм. Тиймээс мэргэжлийн боловсон хүчин зайлшгүй шаардлагатай бөгөөд мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлнэ.

Үйлдвэр маань ган бүтээгдэхүүний үйлдвэр, коксын үйлдвэр гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Мэдээж Монгол улсад энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх МСҮТ одоогоор байхгүй ч тусгайлан хөтөлбөр боловсруулж ажиллах төлөвлөгөөтэй байна. Нарийн мэргэжлийн ажилтныг сургах, дадлагажуулах ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Уул уурхайн жишиг сургууль-Политехник коллежтэй хамтран ажиллана.

Ташрамд дурдахад, орон нутгийн иргэдийг ажлын байраар түлхүү хангах бодлого баримтална. Ажиллах хүчийг бүрдүүлэхдээ орон нутгийн удирдлага, хөдөлмөр халамжийн байгууллагуудтай хамтран ажиллана гэж үзэж  байна.

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 9-10-р сарын дугаараас

Mongolian Economy