Цаг хугацааны шалгуур давсан 100 жил
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хэлэлцээ хийв. 2021.12.16 Москва хот
Монгол Улс дэлхийд тусгаар тогтнолоо зарласан нь нэг талаас монголчуудын олон зуун жилийн хүсэл мөрөөдлийн биелэл болсон, нөгөө талаас Алс Дорнод дахь геополитикийн нөхцөл байдлыг тогтворжуулахад асар том үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх хандлага Зөвлөлт-Монголын харилцааны орчин үеийн түүх судлалд давамгайлж байна. Мөн 1961 оны аравдугаар сард БНМАУ НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болоход ЗХУ дэмжсэн. Таван жилийн дараа Монгол дэлхийн 30 орчим улстай дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын харьяа байгууллагуудад элсчихсэн байв. Үндсэндээ 1920-1940-өөд оны ЗөвлөлтМонголын харилцаа нь цэрэг, улс төрийн харилцан тусламж давамгайлсан, Монголд үндэсний эдийн засгийн суурь тавихад чиглэсэн шинжтэй байлаа. Хамтарсан олон төсөл хэрэгжсэний дотор 1949 онд Зөвлөлтийн дэмжлэгтэй Трансмонголын төмөр зам байгуулсан нь манай улсын түүхэн дэх хамгийн анхны томоохон бүтээн байгуулалт болов.
Оросын талаас аялал жуулчлал, дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, төмөр замын салбарт хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн
1950-аад оноос хоёр улсын харилцаанд цэрэг, улс төрийн гэхээсээ илүү худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа зонхилсон шинэ үе эхлэв. 1950-1990- ээд оны энэ үеийг Монгол орныг мал аж ахуйн орноос аж үйлдвэржсэн, хөдөө аж ахуйн орон болгох зорилготой бүтээн байгуулалтын үе гэж тодорхойлдог. Социалист орнуудын Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн хүрээнд ЗХУ-аас олгож байсан зээл, тусламж Монголд аж үйлдвэр, дэд бүтэц, харилцаа холбоо хөгжих үндэс болсон юм. Түүнчлэн ЗХУ-ын дэмжлэгээр манай боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо бие дааж, боловсон хүчин, шинэ үеийн сэхээтнүүд төрж гарсан билээ.
Хуучин найз нар-шинэ хамтрагчид
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр Орос, Монголын харилцаанд огцом эргэлт гарав. Улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт өрнөсөн зах зээлийн давлагааны нөлөөгөөр Орос, Монгол хоёр улсын үндэсний эдийн засаг хямралын байдалд орлоо. Орос, Монголын аль алинд нь нийгэм, эдийн засгийн нээлттэй, ардчилсан бодлого явуулах туршлага, уламжлал байгаагүй учраас ихээхэн хүндрэлтэй тулгарсан. ОХУ дотоод асуудалдаа илүү анхаарах болж, хоёр орны уламжлалт хэлхээ холбоо үлэмж сулран эдийн засгийн харилцаа огцом унаж, доод түвшинд очлоо. Зөвхөн 1991-1993 онд хоёр орны худалдааны эргэлт 40 хувиар буурч, 1997 оны сүүлчээр бүр 6,5 дахин багассан байв. Гэхдээ хөрш зэргэлдээ хоёр орны харилцаа ийм байдлаар удаан үргэлжлэх боломжгүй бөгөөд шинэчлэгдсэн хоёр улсын хувьд орчин үеийн олон улсын харилцааны нийтлэг зарчимд үндэслэсэн, ардчилсан үнэт зүйлийг эрхэмлэсэн, хоёр ард түмний ашиг сонирхлыг харгалзсан хамтын ажиллагааны шинэ хэлбэрт шилжих шаардлага тулгарсан юм. Тиймээс 1993 оны нэгдүгээр сард “ОХУ болон Монгол Улсын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулагдав. Энэ баримт бичиг Хүйтэн дайны дараах олон улсын харилцааны шинэ нөхцөлд Орос-Монголын харилцааг хөгжүүлэх эрх зүйн үндэс болжээ. Уг гэрээнд хоёр улс бие биеийнхээ тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг эрхэмлэж, улсын дотоод хэрэгт оролцохгүй, найрсаг, сайн хөршийн харилцаатай түнш орнууд байна гэсэн үндсэн зарчмууд тусгагдсан. Үүнд үндэслэн хоёр орны улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт алдагдсан харилцааг сэргээх боломж бүрдэв.
1993 оны гэрээний ачаар Орос, Монголын хооронд улс төрийн хэлхээ холбоо шат шатандаа аажмаар сэргэж ирлээ. 1999 онд хоёр улсын худалдааны эргэлт буурах нь зогсож, шинэ зууны босгон дээр 200-300 сая ам.долларын орчимд тогтворжив. Гэвч даяаршин буй ертөнцөд хоёр улсын харилцаанд бодитой алхмууд үгүйлэгдэж байсан юм. 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээлээ. Айлчлалын үеэр “Улаанбаатарын тунхаглал”-ыг баталж, олон талт хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон бөгөөд энэ тунхаглал 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д айлчлах үеэр батлагдсан “Москвагийн тунхаглал”-тай нийлээд Орос, Монголын харилцааны хурдасгуур болсон юм.
2016 онд хоёр улсын баталсан “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, түүнчлэн эдийн засгийн коридорын тухай Орос, Монгол, Хятадын гурван талт хэлэлцээ нь Орос, Монголын харилцаанд тулгамдсан олон зорилтыг хэрэгжүүлэхэд эерэгээр нөлөөлсөн
Гэхдээ хоёр орны эдийн засгийн харилцаанд сөргөөр нөлөөлсөн хүчин зүйл цөөнгүй. Үүний нэг нь Монголын ЗХУ-д төлөх ёстой байсан өр юм. 2005 онд ОХУ Монголын төлөх ёстой байсан 10 тэрбум шилжих рублийн өрийн 98 хувийг тэглэж, үлдсэн 250 сая ам.долларыг Монголын Засгийн газар барагдуулснаар хоёр улсын эдийн засгийн харилцааны нэгэн том саад тотгор арилсан. 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев Монгол Улсад албан ёсоор айлчлахад “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал” батлагдаж стратегийн түншлэлд үндэслэсэн хоёр орны харилцааг улам бэхжүүлэв. Ийнхүү Орос, Монгол улсууд шинэ зуунд стратегийн түншлэлийн зарчмаар хамтран ажиллах болно гэдгээ дэлхий дахинаа тунхагласан билээ. Стратеги түншлэлийн харилцааны агуулгыг улам баяжуулсан нэгэн үйл явдал бол 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путиний Монголд хийсэн ажлын айлчлал юм.
Айлчлал ердөө зургаан цаг үргэлжилсэн ч маш үр дүнтэй болж, Засгийн газар, агентлаг, салбар хоорондын 15 хэлэлцээр баталжээ. Уг айлчлалын үеэр 1993 онд хоёр улсын хооронд бий болсон визийн горимыг хөнгөвчилсөн нь хоёр орны хил орчмын худалдаанд томоохон дэвшил боллоо. Харин төрийн түвшинд аваад үзэхээр эдийн засаг, худалдааны салбар хоёр орны харилцааны хамгийн сул чиглэл хэвээр байна. Хэдийгээр 130 орчим гэрээ, хэлэлцээрийг багтаасан эрх зүйн баттай суурь тогтсон ч практик алхмууд үгүйлэгдэж байгааг судлаачид тэмдэглэдэг. Эдийн засгийн цаашдын харилцаа бидэнд шинэ шинэ боломж, хур нөөц амлаж байна. Ялангуяа тээвэр, хөдөө аж ахуй, худалдаа, аялал жуулчлалын талбарт ихээхэн ирээдүй бий.
Ковидын дараах шинэ зураглал
2016 онд хоёр улсын баталсан “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, түүнчлэн эдийн засгийн коридорын тухай Орос, Монгол, Хятадын гурван талт хэлэлцээ нь Орос, Монголын харилцаанд тулгамдсан олон зорилтыг хэрэгжүүлэхэд эерэгээр нөлөөлсөн. Жишээ нь, ОХУ-аас Хятад Улсад нийлүүлэх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хэсгийг тавих маршрутыг “Газпром” компани Монголын талтай тохиролцож, төслийн техник-эдийн засгийн судалгааны дүнг баталсан нь хоёр улсын эдийн засгийн харилцаанд гарсан чухал үйл явдал болов. Уг төсөл нь Засгийн газар хоорондын гэхээс илүү арилжааны шинж чанартай бөгөөд Оросын талаас “Газпром” НХН, БНХАУ-ын Нефть, хийн үндэсний корпорац (CNPC) болон Монголын талаас төрийн өмчит “Эрдэнэс Монгол” хамтран ТЭЗҮ-г ойрын хугацаанд бэлэн болгохоор ажиллаж байгаа.
Ингэснээр 2016 онд баталсан Гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хөтөлбөр бодитоор хэрэгжих болов. 2019 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд айлчлахад хоёр талын “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан бөгөөд уг гэрээ 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ нь хоёр орны харилцааны онцгой шинж чанарыг бататгасан алхам болсон юм. Харин 2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-д ажлын айлчлал хийж, хоёр улсын харилцааны шинэ зууны замын зураглалыг тохирч, хамтарсан Тунхаглал гаргасан нь Орос, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэх нэгэн чухал үе шат байлаа. Айлчлалын үеэр Оросын талаас аялал жуулчлал, дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, төмөр замын салбарт хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол ОХУ-ын дэвшүүлсэн “Их Евразийн түншлэл” байгуулах санаачилгыг Монголын тал дэмжиж, бүс нутгийн худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан тусгай дугаараас. 2021 он