Ч.Анар: Халамжийн сэтгэхүйгээр яваад байвал энэ салбарт хөгжлийн тухай яриад нэмэргүй

Sarangerel
2024-10-29 13:03:46
Ангилал: Эдийн засаг

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны гишүүн 

Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал халамжийн байдалтай явж ирсэн. Улсын төсвөөс татаастай, дэд бүтэц нь хоцорч хуучирсан, хоёр хөршөөс хараат байдалтай гэх мэт. Эрэлт өнөдөртэй, нийлүүлэлт дутагдалтай. Сууриар нь дорвитой өөрчлөлт хийж засахгүй бол эрчим хүчний салбар маань тэр чигээрээ уналтад орох бодитой аюул ойрхон болсон байгаа. Эрчим хүчний хязгаарлалтууд ч үүнийг харуулна. Энэ чиглэлээр Үндэсний хороо томоохон ажлууд хийхээр төлөвлөж байна. Үнэ тарифын хувьд ард иргэдэд дарамт үүсгэхгүйгээр үе шаттайгаар нэмэх бодлого баримтлах судалгааг хийж байна.

Нөгөө талаас, эрчим хүчний үнэ өртгөөсөө бага байна гэдэг нь эрчим хүчийг үнэгүйдүүлж байна. Энэ нь өөрөө үндэсний аюулгүй байдлын асуудал боллоо. Тиймээс цахилгаан, дулааны үнийг үе шаттайгаар нэмэгдүүлснээр хэрэглэгчдийн хувьд ухамсарт хэрэглээ рүү орох нөхцөлийг бүрдүүлнэ гэж харж байна. Мөн салбар гадны хөрөнгө оруулалт татаж, салбар хөгжиж, улмаар олон улсад экспортлох хэмжээний чадавхитай болох юм. Эрчим хүчний салбар өнөөдөр татаасаар яваад байгаа тул хөрөнгө оруулалт хийгдэхгүй, хөгжихгүй байна.

Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байж, хүнд аж үйлдвэр, улс орон хөгжинө. Суурь асуудлыг шийдэж байж хөгжил ярина. Үүнээс өөр гаргалгаа байхгүй

Реформ хийснээр салбар зах зээлийн системээр өрсөлдөөн дунд ажиллаж эхэлнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж ирнэ. Айл өрх бүр сэргээгдэх эрчим хүч нийлүүлэгч, үйлдвэрлэгч болох боломжтой болно. Энэ нь эрчим хүчний салбар эдийн засгийн хувьд чадавхжиж, эрчим хүчний томоохон экспорлогч болох боломжтой болно. Газар зүйн ийм том байршил, давуу талтай улс шүү дээ. Энэ боломж нөхцөлүүдээ ашиглаад ирээдүйд томоохон орлого олох боломжтой болно гэж харж байгаа. УИХ дээр Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийх зорилготой ажлын хэсгийг байгуулсан. М.Энхцэцэг гишүүн ахалж байгаа. Монголд хүнд аж үйлдвэрийг хөгжүүлье, бүтээн байгуулалтуудыг хийе гэвэл эрчим хүчний салбараа хөгжүүлэхээс өөр сонголтгүй.

Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байж, хүнд аж үйлдвэр, улс орон хөгжинө. Суурь асуудлыг шийдэж байж хөгжил ярина. Үүнээс өөр гаргалгаа байхгүй. Тиймээс зоригтой эхлүүлэх хэрэгтэй. Түүнээс халамжийн сэтгэхүйгээр яваад байвал энэ салбарт хөгжлийн тухай яриад нэмэргүй. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд өрнөж Куб улсын жишээ сонгодог жишээ болж байна. Маш хямдхан эрчим хүч нийлүүлж явсаар байгаад эцэс сүүлд нь эрчим хүчний салбар уналтад орж, улс үндэстнээрээ тоггүй болох эрсдэл маш ойрхон байна гэдгийг хэлье.