Ч.Ганхуяг: Дэлхийн эдийн засгийн форум Монгол Улсад стратегийн өгөгдлийн дата төв барьж өгнө
Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуягтай ярилцлаа.
-Дэлхийн эдийн засгийн форум удахгүй болох гэж байна. Энэ жилийн форумд Монгол Улс нэлээд ач холбогдол өгч оролцоно гэж байна. 2025 оны Давосын форумын онцлог, ач холбогдлоос ярина уу?
-Засгийн газар Дэлхийн эдийн засгийн форумд өмнө нь байгаагүйгээр өндөр ач холбогдол өгч байгаа. Олон жил тасалдсаны дараа Засгийн газрын тэргүүн 2024 онд Давост очсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед улс орноо Давосын зочдод танилцуулах Mongolia Night арга хэмжээг зохион байгуулж байсан. Тэгвэл 10-аад жилийн дараа Давостай харилцах харилцаагаа дараагийн шатанд гаргах гэж байна. Өөрөөр хэлбэл, тэнд очиж буй олон улсын түнш байгууллагын хүмүүст эх орноо илүү таниулах зорилготой. Олон улс орны төрийн тэргүүн, улстөрч, манлайлагчид, компаниуд, шийдвэр гаргах түвшний хүмүүст зориулж тусгайлсан талбай засна.
Энэ удаа Дэлхийн эдийн засгийн форумд Монгол Улсыг хариуцсан зохицуулагчаар намайг томилсон. Дэлхийн эдийн засгийн форумтай нягт хамтарч ажилладаг, тэндхийн дотоод бодлого, арга барил, зарчмыг сайн ойлгодог учраас намайг томилсон болов уу. Би одоогоос 15 жилийн өмнөөс ДЭЗФ-д оролцож эхэлсэн юм.
Давосын форумаар дэлхий нийтээр тулгараад буй асуудлуудыг тал бүрээс нь ярилцаж, санал солилцоно, асуудлын гаргалгаа гарц дээр ажиллаж, мэтгэлцэнэ. Тодорхой шийдлүүдийг ч гаргадаг. Дэлхийн хамгийн нөлөө бүхий улстөрчид очиж шийдлээ танилцуулдаг том платформ. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийнхэн мөн бүгд очдог. Энэ нэгдүгээр сарын 20-25-ны хооронд дэлхий нийт Давос руу анхаарлаа бүгд төвлөрүүлнэ. Тиймээс энэ удаагийн форумаар таван чиглэл гаргасан. Хиймэл оюун ухаан гео-эдийн засаг, итгэлцэл, хүний нөөц, дэлхийн уур амьсгал гэсэн сэдвүүдээр гол хэлэлцүүлэгүүд өрнөх болно.
Шийдвэрээ шууд гарах боломжтой 2500 дэлхийн улстөрч, хөрөнгө оруулагчид Давост нэг дор цугларна гэдэг нь манай гадаад харилцаа, бизнес, санхүү, хөрөнгө оруулалт, технологи талаасаа ч тэр чухал ач холбогдолтой
-“Go Mongolia” уриан дор эх орноо танилцуулах арга хэмжээг Давост хийхийн ач холбогдлыг товч хэлж өгнө үү?
-Төр засгийн зүгээс хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудтайгаа хамтраад “Go Mongolia” брэндийг дэлхийн нийтэд танилцуулж, сурталчлаад явж байна. Монголыг урт хугацаанд, системтэйгээр дэлхийд танилцуулах ажил эхэлчихсэн гэж ойлгож болно. Дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын танилцуулга явж байгаа. Гадаадад сурталчилгаагаа энэ мэтээр өргөжүүлсний үр дүнд өнгөрсөн хугацаанд Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэж, эдийн засагт оруулах үр ашиг сайжирлаа. Үүний хажуугаар бид нэг зүйл ойлгож эхэлсэнд би талархалтай байгаа.
Манайхан хөрөнгө оруулалт татна гэж яриад удлаа. Хөрөнгө оруулалт татахаас гадны хөрөнгө оруулагч хүмүүсийг эх орондоо авчрах бодлого үгүйлэгдээд байна. Хөрөнгө оруулагч хүмүүс өөрөө хөрөнгө оруулалтаа авчирдаг гэдгийг бид сайн ойлгох ёстой. Хөрөнгө оруулагчдыг хөрөнгөө авчираад удирдаад, Монголд амьдрах орчныг бүрдүүлмээр байна. Бид Сингапур, Дубай шиг хөгжмөөр байна гэдэг. Ярих биш одоо шууд хийх хэрэгтэй. Гаднынхныг, хөрөнгө оруулагчдыг гэр бүлтэй нь авчраад тухтай амьдрах боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Виз, хүүхдүүдийн сургууль цэцэрлэг, эхнэрийнх нь хийх ажил гэх зэрэг асуудалд анхаарч, таатай орчин бүрдүүлэх нь чухал.
Хөрөнгө оруулагчид Лондон, Токио, Сингапур, Нью-Иорк, Хонгконгтой харьцуулж байгаад хаана компаниа байгуулж, амьдрах шийдвэрээ гаргана. Тухайлбал, Дубайд компани байгуулах хамгийн хялбар. Дээрээс нь татвар авахгүй гэж байгаа юм. Гэтэл бид доогуур түвшний татвартай гэж ярьж суусаар 20 гаруй жил боллоо. Монгол хамгийн хүйтэн орны нэг. Хөрөнгө оруулагчид цаг агаарын орчныг бас судална. Дубай хэт халуун, өрсөлдөөн ихтэй. Тэгэхээр Монголын давуу талуудаа гаргаж ирээд Давос шиг форум дээр очоод танилцуулга хийх нь үр дүнтэй.
Яагаад Давос руу цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулаад очих ёстой вэ. Тэнд олон улс орны хамгийн том хөрөнгө оруулагчид ирнэ. Тэдний анхаарлыг татаад Монголиа хаус дээрээ авчраад төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулья. Шийдвэрээ шууд гарах боломжтой 2500 дэлхийн улстөрч, хөрөнгө оруулагчид Давост нэг дор цугларна гэдэг нь манай гадаад харилцаа, бизнес, санхүү, хөрөнгө оруулалт, технологи талаасаа ч тэр чухал ач холбогдолтой.
Энэ нь гадаад сурталчилгаа хийгээд гадаад харилцаанд асар их цаг хугацаа, хөрөнгө зардлыг хэмнэж байгаа гэсэн үг. Нэг удаа очиж Давост сайтар танилцуулга хийх нь манай төрийн сайд дарга нарыг 5-10 жил улс орнууд руу явж улсаа танилцуулахаас амар хялбар болно. Дээд хэмжээний 10-аад уулзалтыг нэг дор хийх нөхцөл бүрддэг орчин.
–Монголын эдийн засгийн форум жилдээ хоёр удаа болох юм уу?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумд ач холбогдол өгсөнд талархаж байгаа. Би энэхүү форумыг хийхийн төлөө явсан 10 гаруй жилд нэлээд саад бэрхшээлтэй тулгарч байсан. Урьд өмнө нь мөрөөдөл төдий байсан, ярьсан асуудлуудыг барьж аваад шийдээд байгаа тул би Ерөнхий сайдыг реформист төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлж буй улстөрч гэж харж байгаа. Үндсэн хуулиа өөрчилж, парламентын засаглалаа бэхжүүлэх алхмуудыг хийж чадлаа. Парламентын тогтолцоогоо холимогоор хийж анх удаа 126 гишүүнээс бүрдсэн парламенттай боллоо. Монгол Улсын нэн шинэ үеийн түүхэнд хамгийн том реформ хийсэн Ерөнхий сайд гэж үзэж болно. Ач холбогдол нь өөрөө цаг хугацаа өнгөрөх тусам бидний амьдралд илэрнэ.
Бүсчилсэн хөгжлийн талаар 20 гаруй жил ярьсан. Тэгвэл бодитойгоор хэрэгжүүлээд сонгуулийн тойргоо бүсчлэн явуулчихлаа. Төсөв дээр гарч ирж буй асуудлууд ч үүний илрэл гэж харж байна. Аливаа зүйлсийг зөвхөн өнөөдрийн явцуу өнцгөөс бус ирээдүйн түүхэн хөгжлийн үүднээс харж дүгнэж байх ёстой. Энэ хэлэлцүүлэг, маргаан, Ерөнхийлөгч төсөвт хориг тавьж, төсвөө алдагдалгүй батлах зэрэг үйл явдал нь өөрөө шинэ цагийн хөгжлийн эхлэлийн процесс явж буйн илрэл юм. Хуучин нь тийм амархан дарагдахгүй, шинэ нь бас тийм амар хэрэгжихгүй. Үүнийг “Өөрчлөлтийн хямрал”-ын эхлэл тавигдсан гэж хэлж болно. Энэ бүхэн шинэ хөгжлийн замнал руу хөтлөөд оруулах нь тодорхой болж байна.
Газар нутаг, захиргааны бүсчилсэн хөгжлөө дагаад нутгийн удирдлагын тогтолцоо өөрчлөгдөнө. Тухайн нутаг өөрөө өөрийгөө засаад явах боломж бүрдэнэ. Энэ нь нийслэлийн төсвийн процессоос харж болно. Урьд өмнө нь хот өөрийнхөө төсвийг ийм зоригтойгоор бие даан баталж байсан тохиолдол байгаагүй. Энэ нь ирж буй цагийг харуулна.
Бүсчилсэн хөгжил бол Монгол Улсын нутаг дэвсгэр, ард иргэдийн хувьд тулгараад буй асуудлуудыг шийдэх бодлого гэж харж байгаа. Засаг захиргааны өнөөгийн нэгжийн хуваарилалт нь социалист нийгмийн Зөвлөлт холбоот улсаас гаргаж өгсөн засаглалын хуваарилалт юм. Үүнээс хэт төвлөрөл, утаа, хөрсний бохирдол, түгжрэл, орон нутгийн эзгүйрэл, тэгш бус байдал, гажуудал үүссэн.
Бид хэрүүл, тэмцэл, бухимдал ихтэй хотод амьдарч байна. Энэ бүхнийг төр засгийг огцруулж, жагсаал цуглаан хийгээд асуудлыг шийдэхгүй гэдэг нь тодорхой. Системтэй өөрчлөлтийг хийгээд явах ёстой. Төр засаг өнөөдөр хамгийн мундаг залуусыг аваад ажиллуулж чадаж байгаа нь, хөгжлийн алсын хараатай болж чадсан нь, шинэ сэргэлтийн бодлогоор хөгжихөд садаа болж буй зургаан асуудлыг гаргаж ирээд түүнд төлөвлөрч судалгаа, анализ хийх ажлуудыг өрнүүлж байгаа нь өөрөө ирээдүйн хөгжлийг баталгаажуулж өгч байгаа юм.
Энэ бүхэн дээр Монголын эдийн засгийн форум ард нийтийн дунд энэ том бодлого төлөвлөгөөгөө танилцуулах, нээлттэй ил тодоор санал шүүмж авах, харилцан ярилцах, мэтгэлцэх боломжийг олгож байгаа юм. Миний хувьд сүүлийн гурван жилд болсон Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа, Бүсчилсэн хөгжлийн форумууд хамгийн үр дүнтэй болсон болов уу гэж бодож байна.
Монголын эдийн засгийн форумыг Улсын баяр наадмын өмнө хийж байгаа. Энэ нь гадны зочид ирэхэд тааламжтай сайхан үе. Тэдэнд Улсын баяр наадмаа үзүүлээд танилцуулаад явуулж байна. Хоёр дахийг нь өвөл Цагаан сарын өмнө юм уу хойно хийх төлөвлөгөөтэй байна. Илүү дотоод руугаа чиглэсэн, өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэж ярилцсан, шинээр гарч буй ондоо ямар ажлуудыг хэн яаж хийх вэ гэдгээ ярилцаад явах хэлбэр рүү орно. Өвлийн, зуны чуулган гэсэн хэлбэрт шилжих зарчмын тохиролцоонд хүрсэн. Дэлхийн эдийн засгийн форумд оролцож ирээд Давост өрнөсөн, ярьсан асуудлуудыг дотооддоо ярилцах, олон нийтэд мэдээлж хүргэнэ.
–Манай Засгийн газраас Дэлхийн эдийн засгийн форумтай томоохон хамтын ажиллагаа хийхээр ярьж байгаа. Энэ нь ямар асуудал байна вэ?
-Дэлхийн эдийн засгийн форумтай Засгийн газрын түвшинд хамтын ажиллагааг эхлүүлсэн. Дэлхийн эдийн засгийн форумаас удирддаг “Strategic Intelligence” буюу стратегийн мэдээллийн сан гэж байдаг. Засгийн газар, бүх яамны түвшинд энэхүү дата сан руу нэвтрэх, ашиглах боломжтой болох юм. Стратегийн мэдээлэл гэсэн дата бааз. Одоо очих үеэрээ гэрээнд гарын үсэг зурна. Форумаас ирээд дотооддоо танилцуулах болно. Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо тус бааз руу нэвтэрч, дата ашиглаж, таньж мэдэж, анализ хийх боломж бүрдэнэ. Тэгэхээр засгийн шийдвэр илүү шинжлэх ухаанч, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага дээр тулгуурлан гарахад дэмжлэг үзүүлэнэ гэж ойлгож болно.
Тухайлбал, Яамны мэргэжилтнүүд дэлхийн нийтийн тэр том бааз руу нэвтэрч, тухайлсан асуудлаарх хамгийн шилдэг экспертүүдтэй зөвлөлдөж шийдвэрээ гаргах боломжтой болно. Эрчим хүч, аялал жуулчлал, цөлжилт, уур амьсгал, төмөр зам, дэд бүтэц, Хятадын үйлдвэржилт, геополтикийн асуудал гэх мэт.
Дэлхийн эдийн засгийн форум Монголын засагт зориулсан дата бааз үүсгэж өгнө. Үүгээрээ маш их ач холбогдолтой.
–Та Оюун ухааны энэхүү сангийн гишүүнээр хэзээ элссэн бэ? Мөн Ард санхүүгийн нэгдлийнхэн гишүүн гэж сонссон.
Дэлхийн залуу манлайлагчийнхаа хувьд хувиараа гишүүнээр элсээд явж байсан. Хэдэн жилийн өмнө Дэлхийн эдийн засгийн форумын “New Champions” гэдэг нийгэмлэгт манай компани элссэн.Энэ хүрээнд би Женевт Шинэ аваргуудын хуралд оролцож компаниийнхаа тухай танилцуулга хийсэн. Бидний хийсэн ажил содон учраас гаднынхан ихэд сонирхдог. Дахин давтагдахгүй платформ юм.
–Яагаад дахин давтагдахгүй гэдгээ тодруулж өгнө үү?
-Хоёулаа 10 гаруй жилийн өмнө уулзаад ярилцаж байхад Хөрөнгө оруулагч үндэстэн болно гэсэн нэр, санаа л миний тархинд байсан. Том мөрөөдөл зорилгодоо хөтлөгдөөд технологийг ашиглаад, туршлага дээрээ тулгуурлаад Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоон байгуулаад явж байна.
Би өөрөө Хасбанк гэсэн асар том банк, санхүүгийн дэд бүтцийг бий болгож байсан. Ард санхүүгийн нэгдлийн хувьд олон хүн ажиллуулахгүйгээр яаж, хамгийн бага өртгөөр том дэд бүтцийг бий болгож, санхүүгийн үйлчилгээг нийт монголчууддаа хүргэх вэ гэдэг санаа. Манайд өнөөдөр салбар байхгүй. Одоо биднийг яриад сууж байхад манай зээлүүд гарч байгаа, санхүүгийн үйлчилгээг иргэд маань авсаар байгаа. Өдөр бүр, цаг минут, амралтын өдрүүдэд ч технологи дээр тулгуурлаад ажиллаж, зээлийн үйлчилгээ үзүүлдэг машины дэд бүтцийг бий болгосон.
Хоёр дахь том ажил бол би Хасбанкийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж босгосон бол Хөрөнгө оруулагч үндэстэнг хэрэглэгчдийг компанийнхаа хувьцааг эзэмшигч болгосон. Үр дүнд нь Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох зорилготой эко системийг хийсэн. Гол цөм нь Ард Апп юм. Энэ апп дотор миний өнгөрсөн 10 жилийн хугацаанд зүтгэж, хөрөнгө оруулалт татсан 45 компанийн үйл ажиллагаа байгаа. Энэ өөрөө давтан гаргаж дэлхийд хийх боломжтой систем биш. Энэ дотор тусгай зөвшөөрөлтэй компаниуд ч бий. Бүгд нэг платформ дээр ажиллаж байгаа. Гол зангидаж буй зүйл нь Ардкойн. Блокчэйнийг уламжлалт санхүүгийн үйлчилгээтэй уясан. Өөрөөр хэлбэл, манай компанийн бүх үйлчилгээ Ард Апп-д байгаа. Тухайлбал, UBX бирж дээр бид арилжаа хийж болж байна. Төлбөр тооцоо, хадгаламж, тэтгэврийн хадгаламж, задгай мөнгө хадгалдаг гээд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Монгол Шуудангийн сүлжээ байна. Крипто бирж, хэвлэл мэдээллийн нэгдэл гэх мэт.
–Таны 10-аад жилийн өмнө төсөөлж байсан төсөөлөл юу байсан бэ?
-Би ийм дэд бүтцийг бүрдүүлнэ гэж бодоогүй. Манай хамт олон маш тэвчээртэйгээр хөгжүүлсээр гаргаад ирлээ. Миний анх бодож төсөөлснөөс өөр. Тухайлбал, би үнэт цаасны биржтэй болно, Монгол Шууданг авна, крипто, блокчэйн рүү орно, хэвлэл мэдээллийн нэгдэлтэй болно гэж бодоогүй. Тэр үед апп гэж ч байгаагүй. Сошиал бол байсан. Тиймээс сошиал мэдээллээр хиймэл оюун ухаанд тулгуурласан санхүүгийн үйлчилгээг үзүүлнэ гэж төсөөлсөн. Хадгаламж, даатгалын үйлчилгээ үзүүлнэ гэсэн ийм энгийн юм бодсон. Тэр бүгдийгээ хэрэгжүүлсэн. Харин замын дундуур миний төсөөлөөгүй олон үйлчилгээг бий болгоод явчихсан. Би энтрепренер, бизнесмэн хүн. Амьдралд тохиолдсон боломжуудыг авдаг. Надаас өөр хүн байсан бол ийм зүйлс рүү орохгүй байсан байх. Би боломжгүйг боломжтой болгоод явахыг хичээсэн. Манай хөрөнгө оруулагчид, удирдлага, ажилтнууд Монгол Шуудангийн хувьчлалд оролцох боломжгүй гэж эргэлзэж байсан ч би боломжтой гэж үзээд орсон.
Биткойн өнөөдөр 100 мянган долларт хүрч байна. Үүнийг би анх Монголд ярьснаараа бахархдаг, бас монголчууддаа боломжийг нээж өгсөн. Нэг сая төгрөг байхад нь авчихаачээ гэж их хэлсэн. Өнөөдөр 350 сая төгрөг. Илүү чанга дуугараагүйдээ харамсч байна. Ардкойныг 2017 оноос хойш нэвтрүүлээд явж байна
–Мөн анхны Крипто Үндэстэн форумыг хийж байсан.
-Анхны криптог олборлох Крипто үндэстэн хурлыг хийсэн. Крипто үндэстэн гээд биткойнд хөрөнгө оруулалт хийдэг Монголын хөрөнгийн бирж дээр дэлхийд анхны гэж хэлж болох нээлттэй компанийг гаргасан. Биткойн өнөөдөр 100 мянган долларт хүрч байна. Үүнийг би анх Монголд ярьснаараа бахархдаг, бас монголчууддаа боломжийг нээж өгсөн. Нэг сая төгрөг байхад нь авчихаачээ гэж их хэлсэн. Өнөөдөр 350 сая төгрөг. Илүү чанга дуугараагүйдээ харамсч байна. Ардкойныг 2017 оноос хойш нэвтрүүлээд явж байна.
Сүүлийн гурван жил крипто бол луйвар гээд элдвээр хэлүүллээ. Гэхдээ хүмүүс буруу, зөв, үнэн худал хоёрыг ялгаж хардаг болж. Өнгөрсөн хугацаанд худал ярьж мөнгө босгоод алга болсон нөхдүүдийг анх эхэлж байхад нь илүү чанга дуугараад зогсоох ёстой байсан болов уу гэж өөртөө боддог. Гэхдээ би тэгээгүй. Ёс зүйн хувьд надад энэ онцгүй байсан. Би өөрөө крипто хийж байсан. Залуусыг ямар ч үндэсэлэл тооцоололгүйгээр мөнгө босгоод гараад ирэхэд дотроо зөрчилдсөн. Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк зогсоох л ёстой байсан. Олон хүн орж хохирсон. Энэ үйл явц манайд нөлөөлж бид бас хохирчихож байгаа юм. Бидний ажилд нөлөөлсөн. Гэхдээ бид шазуур зуун ажилласаар, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр гараад ирлээ. Барагтай аавын хүү буугаад өгөх байсан байх гэж боддог. Би бууж өгөөгүй. Хүнд байсан. Сүүлийн гурван жил элдвээр хэлүүлж, чичлүүлсэн. Ямартаа ч ялаад гараад ирлээ. Өөрсдийн зөвийг баталж, энэ технологи бол дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж буйг харууллаа. Өнөөдөр биткойн 350 сая төгрөг, этэриум 3180 доллар, ардкойн 30 орчим төгрөгтэй байна.
Америкийн нэрт бизнесмэн Илон Маск твиттер дээрээ койн сурталчилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгогдохоосоо өмнө өөрийн койноо гаргалаа.
Монголчууд хөдлөх ёстой байсан болов уу. Биткойны нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй байсан болов уу. Миний үгэнд арай нухацтай хандаж, Монгол банк, УИХ нь шийдвэрээ гаргаад биткойны нөөцөө сайтар бүрдүүлээд авсан бол бид баян чинээлэг улсын хэмжээнд очих боломжтой байсан.
Миний хувьд. 2017 онд Крипто Үндэстэн хурлаа анх хийж байх үеэрээ чадлаараа хэлж, ярьж дуугарсан. Тэр хурал дээр Монголбанк,Сангийн яамнаас төлөөлөл оролцож, одоогийн, УИХ-ын гишүүн Н.Учрал, Д.Цогтбаатар, П.Сайнзориг [UA4] нар ирж үг хэлж оролцож байсан. Одоо хоцорсон ч гэлээ араас нь тодорхой ажлууд хийгээсэй. Хөрөнгө оруулалт татна гэж байгаа бол Монголд ирээ, бид та бүхнээс юу ч шаардахгүй гэж зоригтой дуугараасай. Гадаад хүн ажиллуулахын тулд өндөр төлбөр төлдөг, визнээс авахуулаад хүнд суртал үзүүлдэг байж болохгүй. Бид ингэж өрсөлдөхгүй. Технологийг нь эзэмшдэг, мэддэг залуусыг, хөрөнгө оруулагчдыг Монголдоо авчирч амьдруулах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэж би дахин дахин ярьж байна. Сү.Батболд Ерөнхий сайдын үед хөрөнгө оруулагчид Монголд ирж суурьшия, хөрөнгө оруулья гэсэн бүүм болсныг мэднэ. Хэсэгхэн зуурын буюу хоёр жил орчмын үзэгдэл байлаа. Улаанбаатар хот маань олон улсын санхүүгийн төв шиг л болсон шүү дээ. Гудамжаар гадаадын залуус яваад л. Тэр цагийг авчрахын тулд сайтар ажиллах хэрэгтэй байна.
Манай Нэгдлийн нийт удирдаж буй хөрөнгө багцаалбал хагас их наяд төгрөг. Давхардсан тоогоо 60 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй
–Ард санхүүгийн нэгдэл технологийн энэ олон боломжуудыг нэвтрүүлснээр нөгөө талдаа ард иргэдийг шинэ үеийн санхүүгийн зэвсгүүдтэй харилцаж сурах, шинэ соёлд сургахад эерэгээр нөлөөлсөн гэж хэлж болно.
-Бид хичээн ажилласан. Бид энэ зах зээлд өөрийн оройн зайг үүсгээд хийх ёстой зүйлээ хийгээд явж байгаа. Ард иргэдийнхээ санхүүгийн мэдлэг боловсролд зориулаад бид жил бүр хурал хийдэг.
Манай компанийн уриа Хүчтэй хамтдаа. Компанийн нэр Ард. Одоо Түмэн ард гэдэг хөтөлбөр эхлүүлсэн. Түм гэдэг нь тоо. Түмэн ардыг нэгтгэх зорилготой энэ хөтөлбөр маань сайн явж байгаа. Өнөөдөр найман мянган брокер Ард санхүүгийн нэгдлийн бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулахад сайн дурын үндсэн дээр тусалж байна. Энэ бол миний 6-7 жил учрыг нь олохгүй, янз бүрээр үзэж оролдсоор байгаад 2023 оны 12 сард амжилттай болно гээд эхлүүлсэн хөтөлбөр. Түмэн ард нь өөрсдөө орж ирээд, мөн бусдад тайлбарлаж хэрэглэгч болгоод өөрөө мөнгө олдог талбар.
Цаашдаа энэ бүхэн улам ухаалаг болно. Мөнгө санхүү тэр чигээрээ өөрчлөгдөнө. Ард санхүүгийн нэгдэл удахгүй Криптобанкныхаа нээлт хийнэ. Манай нэгдлийн оролцож, хамтарч ажиллаж буй төсөл. Монголчууд анх удаа блокчэйн дээрээс хамгийн бага хүүтэй зээл авна гэж ойлгож болно. Туршилтыг өөрийн ажилчдын дунд хийж байна. Зээл санхүү өөрчлөгдөж байна. Энэ бүхэн эцсийн дүндээ бидний өнөөдрийн амьдралд тухайлбал, утаа түгжрэлд нөлөө үзүүлэх ёстой. Манай иргэд өөрсдөө илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Би энэ апп-ыг хэрэглэж чадахгүй гээд яваад байвал яваад л байна. Шинэ зүйлд суралцахдаа идэвхтэй байгаасай.
–Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоосон тоонуудаас дурдана уу?
-Манай Нэгдлийн нийт удирдаж буй хөрөнгө багцаалбал хагас их наяд төгрөг. Давхардсан тоогоо 60 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй. Мөн бид МОСТ Финтек компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон. Үүнд 1.8 сая хэрэглэгч бүртгэлтэй байна. Ард Аппын хэрэглэгчид 1.2 сая. Үүнээс нь 400 мянга нь ардкойны хэрэглэгчид. Санхүүгийн үйлчилгээг 7 хоног бүр хийж байна. Би ажлаа хийчихлээ гэж бодож байгаа. Энэ жил анх удаа би Хөрөнгө оруулагч үндэстэн форумдаа ороогүй. ТУЗ-ийн даргын ажлаа харин хийж байна.
–Цаашдын чиг хандлага юу байна, та сонирхуулж ярина уу?
-Дэлхий нийт эргэлт буцалтгүй крипто руу орчихлоо. Банкны салбар крипто руу орж блокчэйн дээр тулгуурлан төлбөр тооцоо явдаг болох асуудал өөрөө эргэлт буцалтгүй, маргаангүй боллоо. Манай УИХ дээр Крипто хууль эрх зүйн орчныг бий болгох ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Шуурхайлах хэрэгтэй гэж харж байна. Зөвхөн эндээ криптогийн хууль эрх зүйн орчинтой болно гэж үзэх бус дэлхийд яаж гарч, дэлхийн томчуудыг яаж Монголд авчрах талд бодмоор байна. Монголоос дэлхий рүү гарсан бизнесмэнүүдийг хөгжүүлэх, дэмжих тал руу явах ёстой.
Би 2017 онд Крипто үндэстэн хурлыг нээхдээ “Энэ технологийн ачаар бид ижил гараанаас хөдлөх боломж нээгдлээ гэж” хэлж байсан. Одоо ч хэвээр. Гэтэл бид орчныг нь бүрдүүлж өгч чадахгүй байсаар чадалтай залуусаа гадагшаа алдсаар байна. Монголд ажиллахад таатай биш байна. Төслүүд нь бүгд дампуурсан. Төр засаг нь шахаж дарамталж, ажил хийх боломж өгдөггүй. Өндөр татвартай, хүнд суртал нь дийлдэхгүй. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авахын тулд СЗХ-нд 300 сая төгрөг өгч байна. Ямар таатай орчин байх вэ дээ. Хуулиас гадуур төлбөрүүд гэнэт гаргаад ирнэ. Монголбанк цахим мөнгөний зөвшөөрөл өгөхдөө мөн хэдэн зуун сая төгрөг авдаг. Зөвшөөрлүүд нь хүнд суртал байхаа болиод санхүүгийн дарамтууд болсон. Залуус нь мэдлэг чадалтай байгаад байдаг, гэтэл энэ залуусаа дэмжээд туслаад явдаг нийгэм биш байна.
Хийгээд чадаад гараад ирснийгээ хойш нь татаад чангаагаад байдаг нийгэм. Ийм нийгэм өөрөө амжилтад хүрдэггүй. Үүнийг өөрчлөх ёстой. Америкт амжилттай яваа нэгнээ шүтэн биширдэг. Илон Маск, Билл Гэйтс, Стив Жобс, Трамп гэх мэт. Манайд жаахан л илүү гараад ирвэл муу хулгайч, дээрэмчин, муусайн баячууд гэж хэлнэ. Хүүхдийнхээ дэргэд ингэж хэлээд яриад байхаар хүүхдүүд нь баян байх чинь муу юм байна гэж бодож өснө. Тэгээд нийгмээрээ, улсаараа ядуу, ядуугийн сэтгэлгээнд орно. Соц үеийн сэтгэлгээ яваад байна. Итгэлт баянаа үзэн яддаг шиг. Гэтэл үүний цаана ямар их хөдөлмөр, ямар их зовж шаналж байж энэ амжилтад хүрснийг хэн ч ойлгохыг хүсдэггүй.
Би энтрепренер, бизнесмэн хүн. Амьдралд тохиолдсон боломжуудыг авдаг. Надаас өөр хүн байсан бол ийм зүйлс рүү орохгүй байсан байх. Би боломжгүйг боломжтой болгоод явахыг хичээсэн
–Та Чоно эдийн засаг гэдэг ойлголтыг эртнээс ярьж байгаа. Манай улс Чоно эдийн засаг руу явж байна уу?
-Чоно эдийн засгийн тухай ойлголт дотоодод, ялангуяа гадаадад хүлээн зөвшөөрөгдсөнд баяртай байгаа. CNN-ний нэртэй сэтгүүлч Ричард Күэст надаас Чоно эдийн засгаар хоёр ч удаа яриа авсан. Шведийн сэтгүүлч, зохиолч И.Ниландер “Чоно эдийн засаг” ном гаргасан. Баабар “Сэрж буй монгол” гэж монгол хэлээр орчуулан гаргасан. 17 жилийн дараа Чоно эдийн засгийн тухай ойлголт ялаад гараад ирж буйд талархалтай байна. Бид чоно эдийн засаг руу явж байна уу гэвэл явж байгаа. Гэхдээ миний саяны ярьсан зүйлсийг хийж байж ДНБ-ээ сайн нэмэгдүүлнэ. Бид нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган ам.долларт хүргэх ёстой. Өнөөдөр 6000 доллар байгаа. Чоно эдийн засаг жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэхэд гадаадын хөрөнгө оруулагчдыг татдаг, эрчим хүчний хувьд хараат бус болсон, жуулчдын тоо өөр түвшинд очсон, мөн Улаанбаатар хот санхүүгийн төв болох эхлэл тавигдсан байх болов уу.
–Таны бизнесийн энэ бүх амжилт алдаа онооны дундуур зүсч явахад хамгийн хүнд байсан жилүүд хэзээ нь байсан бэ?
-Хэзээ ч амар байгаагүй ээ. Ер нь миний ажил амьдралын хамгийн хүнд үе өнгөрсөн гурван жил байлаа. Крипто, хөрөнгийн захтай холбоотой, ковидын хөл хорио гэх мэт хүнд цохилтуудын дундуур явлаа. Нэгэнтээ ёроолдоо хүртэл унасан уналт дуусаад одоо сэргэж, хүнд хэцүү бүхнийг ялж, гарч ирж байгаад баяртай байна.
Бизнес хийнэ гэдэг, бизнес эрхлэгч байна гэдэг тийм амар ажил биш. Хүн бүр бизнесмэн байх албагүй. Хүн бүр дарга байх албагүй. Хүн бүр бизнес хийгээд аз жаргалтай байдаггүй. Бизнес эрхлэгч бүр хийж буй бизнесээсээ таашаал аваад явдаггүй гэдэг нь тодорхой. Тэр талаасаа зөв сонголт хийх нь чухал. Өөрөө 100 хувь аз жаргалтай, сэтгэл хангалуун байх ажлаа олж аваад, өөрийн тогтсон байр дээр ажилладаг байх нь чухал.
Гадаадад 5,6 хэлтэй таксины жолооч хийгээд аз жаргалтай явж байдаг. Тэд бүгд дарга болно, бүгд компанийн захирал болно гэдэггүй. Хувь хүний боловсрол, хөгжил үнэт зүйлсээс бас хамаарна.
Монголын бизнес эрхлэгчид гараа тосч төрөөс байнгын хөнгөлөлт, татаас зээл хүсдэг байдлаасаа гарч өөрсөд рүүгээ хандсан хөгжлийн бодлого явуулах хэрэгтэй. Бизнесээ илүү тооцоо судалгаатай явуулж, бууж өгөхгүй, өрсөлдөх чадвартай бизнесийн түвшинд аваачих нь тухайн бизнес эрхлэгчээс хамаарна
–Хамгийн сүүлд асуухад, зөв замаар явж, реформуудаа зоригтой хийгээд явбал Монгол Улс 30 жил биш богино хугацаанд хөгжих боломж байна гэж та үзэж байна уу?
–Одоо эхлүүлсэн шинэчлэл, реформоо үргэлжлүүлээд хийгээд явж чадвал хөгжилтэй улсын тоонд орж чадна. 30 жил ч гэлтгүй богино хугацаанд үсрэлт хийх боломжтой. Чоно эдийн засаг болох бүрэн боломж харагдаж байна. Хамгийн түрүүнд нэгдүгээрт, үндэсний үзэл санаа хэрэгтэй. Хоёрт, тогтвортой байдал хэрэгтэй. Гуравт, улс төрийн зөв, эерэг манлайлал хэрэгтэй.
Нэгэнт эхлүүлчихсэн тогтолцооны шинэчлэлүүдээ үргэлжлүүлээд явах нь хамгаас чухал. Тэр утгаараа өнөөгийн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, хотын дарга Х.Нямбаатар нарыг би 100 хувь дэмжиж байгаа. Л.Гантөмөр, Т.Доржханд нартайгаа хамтраад хийх ёстой. Харийн буруу тийш татсан байдлаас зайлсхийж зөв сонголтуудаар урагшилж, парламентын засаглалаа бэхжүүлэн хөгжүүлээд, хувийн хэвшлээ сайтар дэмжээд, гадны хөрөнгө оруулагчдыг татаад хамтраад явбал сайхан боломж харагдаж байна гэж харж байна.
Хэн ч очоод улсыг удирдчихна, хэн ч очоод компанийг удирдчихна гэсэн хий хоосон цээжээ дэлдсэн, чанга дуутай хүмүүс их байна. Тэр нь улс төрийн попрол болж, хамгийн хүйтэн цэвдэг сэтгэлтэй гэхдээ хамгийн чанга дуугардаг, нулимсаа шахаж гаргаж, хоолойгоо сөөлгөж ярьж чаддаг нөхдүүд нь очоод толгой дээр суугаад УИХ-д гараад байвал хөгжихгүй.