Ш.Эрдэнэжаргал: Ханбогд суманд 12 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ
Оюутолгойн гүний уурхайн болон Таван толгой ба Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Таван толгой ба Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа нь сум орон нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын орлого нэмэгдэхэд нөлөөлж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум гэхэд энэ төрлийн орлогоор төсвөө 2-3 дахин тэлжээ. Энэ талаар болон суманд өрнөж буй бүтээн байгуулалтын тухай Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргалтай ярилцлаа.
-Ханбогд сум хот болох амбийцтай. Энэ хүрээнд бүтээн байгуулалт хэр өрнөж байна вэ?
-Манай суманд 2016 оноос хойш нэлээд бүтээн байгуулалт өрнөж байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалт хийгдээгүйг та бүхэн мэдэж байгаа байх. Ханбогд сум ирээдүйд хот болох амбийцтайгаар бүтээн байгуулалтын төлөвлөгөө, төслүүдээ эхлүүлсэн. УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хот тосгоны тухай заалтууд орсноор үүний үндэс суурь тавигдлаа. Тиймээс бид сумынхаа дахин төлөвлөлт, хот төлөвлөлтийн төлөвлөгөөнд “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр БХБЯ-тай хамтран томоохон шинэчлэл хийгээд явж байна. Дахин төлөвлөлтийн зарим зураг төсөл, тендэрийн ажлуудыг ч эхлүүлсэн. Сүүлийн жилүүдэд өрнөсөн бүтээн байгуулалтын ихэнх нь “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн дэмжлэгээр босож байгаа. Ханбогд сумын жилийн төсвийн орлого бусад сумтай адил нэг тэрбум орчим төгрөг байсан бол сүүлийн хоёр жилд бид төсвийн орлогоо тэлэх бодлого баримталж, 2-3 тэрбум төгрөг гаргаж баталдаг болсон. Төсвөө тэлж байж сум орон нутаг тэлнэ. Манай сум аймаг болоод улсын төсөвт жилдээ 60 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Аймгийн төсвийн орлогын 39-40 хувь, татварын орлогын 55 орчим хувийг зөвхөн Ханбогд сум бүрдүүлдэг.
-Ингэж их тэлэхэд эх үүсвэрийг хаанаас бүрдүүлж байгаа вэ?
-Ихэвчлэн түгээмэл тархацтай ашигт малтмал болон бусад төрлийн татвар байна. Үүнээс өөр боломж хууль тогтоомжийн хүрээнд гарахгүй байна. Уг нь Оюутолгой Ханбогд сумын нутаг дэвсгэрт байгаа усыг ашигладаг атлаа ус ашигласны төлбөр аймгийн төсөвт төвлөрдөг. Хэрвээ бид ус ашигласны төлбөрийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар 35 хувийг эргээд сумандаа авдаг болвол сумын төсвийн орлого тэлж, нөлөөлөлд өрсөн малчин болон малын худаг усны асуудлыг шийдэхээс гадна дутагдалтай байгаа сургууль, цэцэрлэг, дэд бүтцээ барих бүрэн боломжтой.
-Усны төлбөрийг сумандаа төвлөрүүлэх асуудал нэлээд эртнээс яригдсан. Шийдэх боломж байна уу?
-“Оюутолгой” ХХК Ханбогд сумын гүний усыг ашиглаж байгаа учраас нөлөөлөлд нь манай сумын иргэд, малчдад хамгийн өртөж байгаа. Тиймээс бидний хувьд нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх ямар нэг арга хэмжээ авахад ус ашигласны төлбөрөөс зарцуулж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, тэрхүү хураамж буцаад зориулалтын дагуу зарцуулагдахгүй, шууд төрийн санд татагдаж байна. Ус ашигласны төлбөрт жилд 10-20 тэрбум төгрөг төсөвт төвлөрдөг. Гэтэл Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар уг орлогын 35 хүртэлх хувийг булаг сэргээх, шинээр худаг гаргах, бэлчээр усжуулахад зарцуулах эрх бидэнд бий. Энэ эрхийг бий болгох субьект нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Бид уг асуудлыг тавьсан, 35 хувь биш юм гэхэд ядаж тал хэсгийг нь шийдээд өгөхөд бид малчдын гомдол саналыг барагдуулж, шийдэхэд хангалттай хүрэлцэнэ. Цаана нь дахиад бүтээн байгуулалт хийх мөнгө бас үлдэнэ.
-Энэ онд өрнөж буй бүтээн байгуулалтын нийт өртөг хэд орчим төгрөг байгаа вэ?
-Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 130 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийж байсан бол энэ жил 260 орчим тэрбум төгрөг гэж баталсан. Харин Ханбогд суманд энэ жил аймгийн болон сумын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн нийт батлагдсан өртгөөр 12 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Сумын төвд зургаан км урттай хатуу хучилттай зам тавихад 1.1 тэрбум төгрөг, сум дундын эмнэлэгт эрчимт эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжид 100 орчим сая төгрөг төсөвлөсөн. Үүнээс гдан малын угаалга, инженерийн шийдэлтэй худаг барих, Цагаан хадны хайрхан багт хогны машин авах, 21 дүгээр цэцэрлэгийн их засвар болон цахилгааны монтажийг шинэчлэх гэх мэт маш их ажилд дээрх төсвийг зарцуулна.
-Ханбогд сум хот болоход дэд бүтцийн бэлтгэл хэр хангаж байгаа вэ?
-Хот болох хамгийн эхний шийдэл болох цэвэр усны байгууламжийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр хийсэн бөгөөд уг байгууламжийг өргөтгөснөөр Ханбогд сум ойрын 5-15 жилд 35 мянган хүнтэй хот болоход хүрэлцэнэ. Төрийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд үе шаттайгаар төвийн цахилгаан, дулаан, цэвэр ба бохир усны шугамд холбогдсон.
Мөн саяхан л нэг сургуульд 1000 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг байсан бол одоо 640 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон бөгөөд Улаанбаатар хотын Шинэ эрин сургуулийн менежментийн баг ирж ажиллаж байгаа. Соёлын үйлчилгээний хувьд аймгийн хөрөнгө оруулалтаар 400 хүний суудалтай, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий “Үлэмжийн чанар” соёлын төв ашиглалтад орсон.
-Сум руу орж ирэхэд орон сууцны хороолол босож байгаа юм байна. Хувийн компани гүйцэтгэж байгаа юу?
-Орон сууцыг орон нутгийн хоёр аж ахуйн нэгж Турк технологиор, өөрсдийн хөрөнгөөр босгож байгаа. Хэв хашмал ашиглан маш хурдан барьдаг бүрэн цутгамал барилгууд юм. Турк улс бол барилгын бат бөх байдал, чанараараа дэлхийд гайхагддаг.
-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд ямар шатандаа явж байгаа вэ?
-Таван толгой, Ханги – Мандалын боомт хүртэлх хүнд даацын авто замын ажил эхлэх гэж байна. Олон жил гацсан Таван толгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил эхэлчихсэн. Далангийн бүтээн байгуулалт, суваг, шугам хоолойн гээд суурийн ажлуудыг өмнө нь хийчихсэн учраас хоёр жилийн дараа гэхэд төмөр замтай болчих болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Төмөр замын суурийн ажлууд л хамгийн цаг хугацаа, хүч шаарддаг. 4-5 жилийн өмнө суурийг нь тавьсан ч салхи, бороонд хэр зэрэг элэгдсэнийг нь мэргэжлийн баг ирж үнэлан эвлрэл гэмтэл маш бага гэсэн дүгнэлт гаргасан. Энэ төмөр зам ашиглалтад орох нь улсын эдийн засагт төдийгүй манай аймаг сумын тулгамдсан олон асуудлыг шийдэхэд маш их хувь нэмэр оруулна. Авто замаар нүүрс тээвэрлэж байгаа 14-15 мянган машины аваар осол буурахаас гадна замын болон газрын гадарга, хөрсний эвдрэл багасна. Мөн Цагаан хадны эмх замбараагүй байдлыг сум, аймаг байтугай улс ч зохицуулж чадахгүй байна. Уг нь Цагаан хад бол манай сумын Хайрхан багийн л төв шүү дээ. Хэрэв төмөр замтай болчихвол энэ бүх асуудал эерэгээр шийдэгдэнэ.
-2019 оны төсвийн тухай хуулиар АМНАТ-ын 30 хувийг тухайн орон нутагт нь буцааж өгч эхэлсэн. Энэ зохицуулалт танайд хэр зэрэг үйлчилж байна вэ. Төсвөө тэлэх нэг эх үүсвэр болж чадаж байна уу?
-Бүрэн хэрэгжихгүй байгаа. Ер нь ч АМНАТ-ын буцаан олголт бага л байдаг. “Оюутолгой”-н гүний уурхай болон төмөр замтай холбоотойгоор өрнөж буй дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтаар хайрга, дайрганы хэрэгцээ нэмэгдсэн. Үүгээр л орлогоо тэлж байна. Татварын шатлалаараа бага татварууд нь сум орон нутагтаа, томоохон татваруудыг улс бодлогоороо дээшээ татаад авдаг. Гэтэл манай суманд жижиг төрлийн татварын орлого гэхээр зүйл байдаггүй. Магадгүй энэ бүс нутагт бүтээн байгуулалт дуусвал сумын орлого эрс багасна. Тиймээс татварын тухай хуулиар орон нутгаас төвлөрүүлж буй татварын зохих хувийг орон нутагт үлдээдэг л болчихвол сум орон нутгийн амьдрал аятайхан үргэлжилнэ. Одоохондоо орон нутагт үлддэг нь зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмалын орлого байгаа учраас бид боломжтой л байна.
-Орон нутагт татвар төлдөг аж ахуйн нэгжүүд хэр зэрэг нэмэгдэж байна вэ?
-Суманд бүртгэлтэй 500 гаруй аж ахуйн нэгж бий. Үүнээс үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг 178 байдаг. Гэхдээ ажлын байр бий болгодог, татвар төлж орон нутагт нэмэр хандив болдог 70 гаруй л байна. Эдгээр нь “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч, худалдах худалдан авалтын гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд. Хөл хорио тогтоосон ийм хэцүү цаг үед “Оюутолгой” ХХК-д ханган нийлүүлэлт хийдэг компаниуд л санхүүгийн хувьд эх үүсвэр нь баталгаатай байна.