Шинэ үеийн танхим

Sarangerel
2026-05-28 11:00:56
Ангилал: Нийгэм

Дэлхий даяар худалдаа, аж үйлдвэрийн танхимууд суурь өөрчлөлтийн босгон дээр ирээд байна. “Тамга дардаг байгууллага” гэх уламжлалт ойлголт хуучирч, оронд нь дата, платформ, сүлжээнд суурилсан шинэ үеийн институц бий болж эхэллээ. 

Chamber 5.0 гэж юу вэ

Энэхүү шилжилт олон улсын түвшинд Дэлхийн худалдааны танхим (International Chamber of Commerce буюу ICC)-ын гишүүн 100 мянга гаруй байгууллагад хэдийнээ ажиглагдаж эхэлсэн. Уг өөрчлөлтийн учир шалтгааныг судалж үзвэл сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засагт хүч түрэн гарч ирж буй хоёр хүчтэй тренд байгаа нь харагдана. Эхнийх нь технологийн үсрэнгүй хөгжил юм. Бизнес эрхлэгчид ямар нэг үйлчилгээ авахын тулд цаасан материал бүрдүүлж, олон шат дамжлага дамжихыг хүлээхээ больсон. Хоёрдугаарт, байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) шаардлагууд нь бизнесүүдэд бодит шалгуур болж хувираад байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Сарандаваа энэ талаар “Сүүлийн жилүүдэд танхимууд үйл ажиллагаа, бүтэц, загвараа шинэчлэх буюу ‘редизайн’ хийх чиглэлд шилжиж байна” хэмээн онцолсон. Өөрөөр хэлбэл, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд нь зөвхөн үйлчилгээ үзүүлэгч биш харин экосистемийн зохион байгуулагч, менежер болох шаардлага үүсээд байна. Энэхүү чиг хандлагын хүрээнд “Chamber 5.0” хэмээх концепц бий болжээ. Энэ нь танхимууд дижитал шилжилтийг хэрхэн хийх, цахим танхимын үйлчилгээг хэрхэн хөгжүүлэх, мөн бизнесүүдийн хамтын ажиллагааг илүү нягт уялдуулахад чиглэж байгаа юм. Уг концепц нь нийт таван үндсэн ойлголтыг агуулж байна. Үүнд,

Ухаалаг – Дижитал платформ, хиймэл оюун ухаанд суурилсан шийдэл нэвтрүүлэх

Холбогдсон – Гадаад дотоодод дата, туршлага, үйлчилгээний сүлжээг бий болгох

Инновацлаг, холбогдсон – Хүний нөөцийн чадварын хөгжлийг дэмжих, “Chamber Acade my”-ийг бий болгох

Тогтвортой – БОНЗ, ногоон шилжилтийн стандартыг нэвтрүүлэхэд нь бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх

Итгэлцэлд тулгуурласан – Ил тод, дата суурьтай засаглалыг хөгжүүлж, итгэл төрүүлэхүйц байх Эдгээр нь ойлголтууд нь нийлээд худалдаа, аж үйлдвэрийн танхимуудыг “оффис” төвт байгууллага бус биет бөгөөд дижитал “платформ” болгож хувиргах юм. Монгол Улсад энэ өөрчлөлт бодит ажил хэрэг болоход ойрхон ирээд байна. Хамгийн гол нь энэ бол жирийн нэг дижитал шилжилт, цахимжуулалтын асуудал бус харин МҮХАҮТ, бизнесийн орчинд гүйцэтгэх үүрэг роль, төр хувийн хэвшлийн харилцааны архитектурыг бүхэлд нь дахин зураглах оролдлого гэдгийг онцлох нь зүйтэй.

 

“Танхим 5.0” концепц нь МҮХАҮТ-ыг цахимжсан шинэ үеийн институц болгоно

 

Танхим хэрхэн цахимжих вэ

МҮХАҮТ үйл ажиллагаа болон үйлчилгээгээ цахимжуулах хүрээнд хуулийн этгээдийн бүртгэл, мөн 300 гаруй төрлийн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нэгтгэн бизнес эрхлэгч, гишүүддээ илүү хялбар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөл олголт нь бичиг цаасанд суурилсан, олон шат дамжлагатай, хүн хоорондын харилцаанаас хамааралтай хэвээр байгаа. Цахим шилжилт нь эдгээр асуудлыг бууруулах нэг үндсэн шийдэл юм. Энэ хүрээнд МҮХАҮТ нь гарал үүслийн гэрчилгээ, давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэрэг үндсэн болон уламжлалт үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхэд бэлэн болсон.

Мөн цахим платформоор дамжуулан дэлхийн танхимуудтай холбогдох, тэдгээрийн ноу-хау, бүтээгдэхүүн, үйлчилгээ, туршлагыг нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлж байна. Энэ зорилгоор танхим нь технологийн бэлэн байдлаа хангах, чадавхыг бэхжүүлэх зорилгоор Европын холбоо болон олон улсын байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. М.Сарандаваа энэ өөрчлөлтийн талаар “Танхимын хөгжлийн хувьд дижитал шилжилтийг бүрэн нутагшуулах нь чухал ач холбогдолтой. Энэ нь бизнесийн орчинд үүсдэг хүнд суртал, давхардсан шаардлага, үл ойлголцлыг бууруулж, улмаар итгэлцлийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ” гэж онцолсон. Дижитал шилжилтийн хүрээнд авч үзэх ёстой нэг чухал чиглэл бол зөвшөөрлийн тогтолцоо юм. Одоогийн байдлаар бизнесийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрлүүдийг

Тусгай зөвшөөрөл шаардахгүй зөвшөөр–лүүдийг МҮХАҮТ-д төвлөрүүлж, цахимаар олгодог болгох шийдлийг холбогдох хуулиудад тусгах ажээ

аймаг, дүүрэг, хороо зэрэг төрийн байгууллагууд олгож байна. Жишээлбэл, зоогийн газар, үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарь, үсчин, кофе шоп зэрэг үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл зэрэг нь төрийн олон шат дамжлагаар дамжин шийдэгддэг. Мөн зөвшөөрөл бүрийг дагалдсан 3000 гаруй журам үйлчилж байгааг дурдах хэрэгтэй. Энэ нь мэдээж хүнд суртал, төрийн үйлчилгээний шат дамжлага нэмэгдэх, зарим тохиолдолд сөрөг практик үүсэх эрсдэлийг дагуулдаг. Иймээс шинэ зохицуулалтын хүрээнд тусгай зөвшөөрөл шаардахгүй зөвшөөрлүүдийг МҮХАҮТ-д төвлөрүүлж, цахимаар олгодог болгох шийдлийг холбогдох хуулиудад тусгах ажээ. Сонирхуулахад, нийт зөвшөөрлийн 60-70 орчим хувь нь үйл ажиллагаа эхлүүлэх, зогсоох зэрэгтэй холбоотой энгийн, журамласан зөвшөөрлүүд байдаг. Иймээс хууль, эрхзүйн шинэчлэлийн хүрээнд эхний ээлжид энгийн, тусгай зөвшөөрөл шаарддаггүй зөвшөөрлүүдийг МҮХАҮТ-д шилжүүлж, цахим хэлбэрээр олгох юм.

Харин уул уурхай, барилга, хөдөлмөрийн аюулгүй байдал болон бусад мэргэжлийн салбарын тусгай зөвшөөрлүүдийг салбарын онцлог, мэргэжлийн шаардлагаас шалтгаалан холбогдох байгууллагууд олгох зохицуулалт хэвээр үргэлжилнэ. Зөвшөөрөл олголтыг танхим руу шилжүүлэхтэй холбогдуулж, одоогоор бэлэн байдлын судалгаа, танхим болон зарим төрийн бус байгууллагын хүрээнд туршилтын болон суурь судалгааг тус тус хийжээ. Энэхүү үзэл баримтлал, шинэчлэлийг Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан бөгөөд 2026 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Бизнесийн орчинд зөвшөөрөл олголтын энэхүү өөрчлөлтийг хүний нөөцөд суурилсан уламжлалт загвараас илүү технологид суурилсан, автоматжуулалт, цахим системд тулгуурласан байдлаар хэрэгжүүлнэ. Ингэснээр орон тоо, бичиг цаасны ачаалал нэмэгдэх, шат шатанд дараалал, ачаалал үүсэх зэрэг эрсдэл эрс буурах юм. Өөрөөр хэлбэл, “Танхим 5.0” хэмээх концепц нь Монголын бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ-ыг цахимжсан шинэ үеийн институц болох өөрчлөлтийн луужин болоод зогсохгүй бизнесийн орчныг ч шинэчлэх, төр, хувийн хэвшлийн хоорондын итгэлцлийг бодитоор нэмэгдүүлэх томоохон реформ болох учиртай.

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2026 оны дөрөвдүгээр сарын Үндсэн дугаараас