Э.Сүнжидмаа: Олон улсад докторын зэрэгт суралцаж байгаа маань ирээдүйн зорилгодоо хүрэх чухал алхам
![](https://mongolianeconomy.mn/wp-content/uploads/2025/01/IMG_8007.jpg)
Дэлхийн өнцөг булан бүрт Монголын оюунлаг залуус маш олон чиглэлээр суралцаж буй. Тэдний нэг болох Австрали улсын “The University of Sydney”-д Дижитал хөдөө аж ахуй чиглэлээр докторт суралцаж буй Э.Сүнжидмаатай ярилцлаа. Тэрбээр Дижитал хөдөө аж ахуйг эх орондоо хөгжүүлэх алсын зорилготой юм.
-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Сумынхаа ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг 2002 онд төгссөн. “Хөхтэй Хан” Санхүү мэдээлэл зүйн дээд сургуульд Банкны эдийн засагч мэргэжлээр бакалавр зэрэгт суралцаж, Бизнесийн удирдлагаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг магистр зэрэг эзэмшсэн. Одоо Австрали улсын “The University of Sydney”-д Дижитал хөдөө аж ахуй чиглэлээр докторын хичээлээ эхэлж байгаа. Сиднейн Их Сургуулийн Хөдөө Аж Ахуйн Институт нь дэлхийд тэргүүлэгч судалгааны байгууллагуудын нэг бөгөөд хөдөө аж ахуйн салбарт олон улсын хэмжээнд нэр хүндтэй. Манай институтын нийт оюутны тоо болон докторын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын тоо, мөн Монгол Улсаас суралцаж буй оюутнуудын талаарх нарийвчилсан мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаггүй учраас нарийн тоо мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Ямар зорилгоор Австрали улсад суралцаж байгаа вэ?
-Би хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан туршлагаа онолын түвшинд баяжуулж, дижитал хөдөө аж ахуйн чиглэлээр докторын зэрэг хамгаалах зорилготой байгаа юм. Миний хувьд дэлхийн өнцөг булан бүрт газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдэд дижитал хөдөө аж ахуйг ашиглах боломжийг бий болгох нь чухал. Мөн цаг уурын өөрчлөлтөөс үүдэн хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй сорилтуудыг даван туулахад дэмжлэг үзүүлэх нь миний урт хугацааны зорилго юм.
Би дижитал хөдөө аж ахуйн чиглэлээр докторын зэрэг хамгаалж, цаг уурын өөрчлөлтөд өртөж буй хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд үр ашигтай, эдийн засгийн хувьд үр дүнтэй шийдлүүдийг нэвтрүүлснээр тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготой байгаа. Мөн олон улсын төсөл хөтөлбөрүүдэд оролцож, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй инновацийн шийдлүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дижитал хөдөө аж ахуйг дэлхий даяар нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж байгаа.
–Монгол Улсдаа энэ чиглэлээр ажилласан уу. Ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байв?
-2006 онд Хасбанкинд бичиг хэргийн ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн. Зээлийн мэргэжилтний ажлын байранд өрсөлдсөн ч хөдөө орон нутагт их явдаг ажлын онцлогоос шалтгаалан бичиг хэргийн ажилтнаар эхэлсэн. Нэг жилийн дараа теллер, ахлах теллер, харилцагчийн зөвлөх зэрэг албан тушаалд дэвшин ажиллаж, улмаар Сэлэнгэ аймгийн Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Энэ ажил маань надад олон талын чадвар суулгаж, санхүүгийн салбарт гүнзгий суралцах боломжийг олгосон. 2014-2015 онд Хасбанкинд зээлийн эдийн засагчаар ажиллах хугацаандаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд голлон анхаарч ажиллаж байсан. Бизнес эрхлэгчид санхүүгийн тооцоо, хөрөнгө оруулалтын дутагдал, бизнесийн тооцоололгүй байдлаас болж эрсдэлтэй нөхцөлд бизнес эрхэлж байгааг анзаарсан. Жижиг, дунд бизнес эрхлэгчид (ЖДБ) арилжааны банкны зээлд хамрагдах хүсэлтэй боловч санхүүгийн тооцоолол хийх чадвар дутмаг, хар дэвтэр хөтлөх, бизнесийн дансны ашиглалт хангалтгүй байдлаас шалтгаалан хүссэн санхүүжилтээ авч чадахгүй байх тохиолдол түгээмэл. Эдгээр асуудлууд нь санхүүгийн менежментийн мэдлэг, чадварын дутагдалтай холбоотой бөгөөд ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжид сөргөөр нөлөөлдөг. Тиймээс банкны харилцагч нартаа санхүүгийн зөвлөгөө өгөх, бизнесийн данс ашиглах, хар дэвтэр хөтлөх дадал зуршлыг түгээх зэргээр санхүүгийн боловсрол олгох ажлыг давхар хийдэг байсан. 2015-2016 онд ХасБанкны Хувийн банкир албан тушаал нь миний ажлын цар хүрээг өргөжүүлж, байгууллагын түвшинд ажиллах боломжийг олгосон. Энэ үеэр олон улсын төслийн санхүүжилтэд хамрагдах хүсэлтэй компаниудын хэрэгцээг ойлгож, тэдэнд туслах мэдлэг, туршлага маань дутагдаж байгааг ухаарсан. Тиймээс Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд магистрын зэрэг хамгаалж, олон улсын төсөлд оролцох чадвараа нэмэгдүүлэхээр зорьсон юм.
-Олон Улсын төслийн байгууллагад ажилласан туршлагаасаа бидэнд хуваалцахгүй юу?
-Хөгжлийн Шийдэл Төрийн Бус Байгууллага нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн дэмжлэгтэйгээр жижиг, дунд бизнесүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, шаардлагатай санхүүжилтийг банк болон санхүүгийн байгууллагуудаас олж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор REACH төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд 2016-2018 оны хооронд Сэлэнгэ аймагт ажиллах хугацаандаа жижиг, дунд бизнесүүдийн санхүүгийн боломжийг өргөжүүлэх, үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт үйлчилгээг зохион байгуулсан. Эдгээр үйл ажиллагаанд бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авахад дэмжлэг үзүүлэх зээлийн зуучлалын үйлчилгээ санал болгох, бизнес төсөл боловсруулах аргачлалыг заах, санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтуудыг зохион байгуулах зэрэг багтсан. Энэ нь жижиг, дунд бизнесүүдийн хөгжлийг түргэсгэх, санхүүгийн хүртээмжийг сайжруулах, тогтвортой байдлыг хангахад бодитой хувь нэмэр оруулсан үр дүнтэй үйл ажиллагаа болсон. REACH төслийн Сэлэнгэ салбарын хүрээнд нийт 342 жижиг, дунд бизнес эрхлэгчдэд (ЖДБ) 1,287 цагийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байна. Үүний үр дүнд 155 ЖДБ-д зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлж, зээлийн зуучлалд хамрагдсан ЖДБүүдийн 45 хувийнх нь эргэлтийн хөрөнгө, 23 хувийнх нь үндсэн хөрөнгө өссөн нь тэдний санхүүгийн чадавхийг сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн байна. Үүний үр дүнд эдгээр ЖДБ-үүд нийт 69 шинэ ажлын байр бий болгож, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлсэн нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж чадсан.
-Хөдөө аж ахуйн салбарт шинэ технологийг нэвтрүүлэх, бизнесийн оновчтой стратегийг боловсруулах, эрчимжсэн технологийн шийдлүүдийг ашиглах чиглэлд идэвхтэй ажилласан туршлагатай гэсэн. Энэ хүрээнд ямар ажил хийж байв?
-Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай хамтран газар тариалан, мал аж ахуйн салбарт дижитал технологийг нэвтрүүлэх зорилгоор олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд гар бие оролцож байсан. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 компанийг хөнгөлөлтэй нөхцөлтэй зээлд хамруулах JICA-ийн олон улсын төсөлд амжилттай оролцуулсан нь тодорхой үр дүнтэй жишээ юм. Мөн газар тариалангийн салбарт технологийн шинэчлэл хийх, мал аж ахуй болон хүнс боловсруулах үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж чадсан. Энэ нь дижитал хөдөө аж ахуйн технологийн ач холбогдлыг тод томруун харуулсан, олон улсын хамтын ажиллагааны үр дүнтэй жишээ болсон.
2024 онд “Бэлчээрийн системд дижитал хөдөө аж ахуйн техник нэвтрүүлэх” номоо хэвлүүлсэн
-Дижитал хөдөө аж ахуй гэж юуг хэлээд байна вэ. Манай улсад хэрхэн хөгжсөн бэ. Тулгарч буй бэрхшээл юу вэ?
-ДХАА-н хөгжилд тулгарч буй гол бэрхшээлүүдийн нэг нь хөрөнгө оруулалтын дутагдал, дэд бүтцийн хөгжлийн хоцрогдол юм. Тухайлбал, газар тариалангийн салбарт усалгааны дэд бүтэц хуучирч, хөрсний үржил шим буурсан, мөн чадварлаг ажиллах хүчин болон бусад нөөц хомс байгаа нь салбарын хөгжлийг хязгаарлаж байна. Судалгаагаар Монгол Улсын нийт бэлчээрийн 70 орчим хувь нь доройтолд орсон нь уламжлалт мал аж ахуй болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварт сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсын эдийн засагт байгалийн нөөцийн ач холбогдлыг бүрэн ухамсарлахгүй, байгалийн нөөцөд оруулах хөрөнгө оруулалтыг тэргүүнд тавихад чиглэсэн эдийн засгийн тооцоо, судалгаа хангалтгүй байна.
Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан. Ялгаруулалтын гол эх үүсвэрүүд нь эрчим хүч (50.1%) болон хөдөө аж ахуй (48.5%) бөгөөд эдгээр салбарууд дотроо нүүрс ашиглалт, мал аж ахуй хамгийн том хувь нэмэр оруулж байна. Иймээс дижитал технологийг хөдөө аж ахуйд нэвтрүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглахад чухал ач холбогдолтой. Жишээлбэл, цаг агаарын урьдчилсан мэдээ, усны нөөцийн менежмент, ургамал болон малын эрүүл мэндийн хяналтад дижитал хэрэгслүүдийг ашигласнаар үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжих боломжтой. Энэ нь хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулна.
Миний хувьд дижитал хөдөө аж ахуй чиглэлээр олон төрлийн ажлыг хийж байна. Эдгээр ажлын нэг нь 2024 онд хэвлүүлсэн “Бэлчээрийн системд дижитал хөдөө аж ахуйн техник нэвтрүүлэх” ном бөгөөд уг бүтээлээр 2025 оны нэгдүгээр сарын 10-нд зохиогчийн эрхийн гэрчилгээгээ авсан. Энэхүү номонд бэлчээрийн мал аж ахуйн бүс нутгуудад дижитал технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай судалгаа, тоног төхөөрөмж, технологийн хэрэгцээг тодорхойлох, төслүүдийг үр дүнтэй удирдах арга зүйг нарийвчлан тусгасан. Энэхүү судалгаа нь дижитал хөдөө аж ахуйн технологийн ач холбогдлыг Монгол Улс болон Австрали улсын нөхцөлд оновчтой ашиглах практик боломжийг тодорхойлох томоохон алхам болсон юм. Монгол Улсад хэрэгжиж буй олон улсын төсөл хөтөлбөрүүд бизнес эрхлэгчдийн санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхэд хангалтгүй байсан нь миний ажлын цар хүрээг хязгаарласан. Тиймээс өөрийн мэдлэгээ гүнзгийрүүлэхээр шийдэж, олон улсын санхүүгийн төслийн хүрээнд ажиллах чадвар эзэмшихээр докторын зэрэгт суралцаж байна. Энэхүү шийдвэр маань миний ирээдүйн зорилгод хүрэх чухал алхам болсон.
Амжилтанд хүрэхийн тулд үргэлж суралцаж, өөрийгөө хөгжүүлэхээ хэзээ ч битгий хойш тавиарай гэж захимаар байна
-Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүн юм байна. Энэ байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Би Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо (МБЭЭХ)-ны Сэлэнгэ аймгийн салбарын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр 2017 онд элссэн. Тус зөвлөлийн 9 гишүүний нэг болохын хувьд санхүү, хөрөнгө оруулалт, сургалт хариуцсан тэргүүлэгчийн үүргийг хашиж байна. Энэхүү үүргийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, бизнесийн өсөлтийг дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Миний хувьд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн зөвлөх, менторын үүргийг гүйцэтгэх замаар тэдний санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх, эдийн засгийн оролцоог өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан. Үүний нэг жишээ нь Сэлэнгэ аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтуудыг амжилттай зохион байгуулж, энэхүү уулзалтын үеэр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт илтгэлийг 100 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд танилцуулж байсан. Энэхүү үйл ажиллагаа нь эмэгтэйчүүдийн бизнесийн чадавхыг хөгжүүлэх, тэдний оролцоог идэвхжүүлэх, цаашид илүү өргөн хүрээтэй хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн онцлох алхам болсон гэж боддог.
-Австрали улсад суралцаж, ажиллаж амьдардаг хүний хувьд энэ улсад боломж хэр байдаг вэ? Залуучууддаа хандаж зөвлөгөө өгч болох уу?
-Австрали улсад суралцаж, ажиллаж амьдарч буй хүний хувьд, Австрали улсад боломж маш их байдаг гэж хэлж болно. Австрали улс нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудтай бөгөөд мэргэжлийн салбарт өндөр ур чадвар эзэмших боломжийг олгодог. Өөрийн мэргэжлийн хүрээнд тасралтгүй суралцаж, шинэ санаа, санаачлагыг гаргах нь чухал гэж боддог. Тиймээс залуучууддаа зөвлөхөд, амжилтанд хүрэхийн тулд үргэлж суралцаж, өөрийгөө хөгжүүлэхээ хэзээ ч битгий хойш тавиарай гэж захимаар байна.
-Австрали улсад гарааны бизнес эрхэлж буй стартапууд санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажилладаг гэж байна. Тэдэнд ямар бэрхшээл байдаг вэ. Аль тал дээр нь зөвлөгөө өгдөг вэ?
-Австрали улсад гарааны бизнес эрхлэх хүсэлтэй бизнес эрхлэгчид дараах гурван үндсэн сорилттой тулгарч байна. Санхүүжилтийн хомсдол, хууль эрх зүйн орчны төвөгтэй байдал, бизнесийн зах зээлийн өрсөлдөөнд нийцэх чадавх дутмаг байдал. Эдгээр бэрхшээлийг даван туулахын тулд гарааны бизнес эрхлэгчдэд тусгайлан чиглэсэн зөвлөх үйлчилгээ, санхүүжилт босгох арга замууд, Австралийн жижиг бизнесийг дэмжих хөтөлбөрүүдийг ашиглах боломжийн талаар хэдэн хэдэн гарааны бизнес эрхлэгч нарт бизнес зөвлөх үйлчилгээг үзүүлсэн. Мөн сургалт зохион байгуулж, татварын хөнгөлөлтийн талаарх мэдээллийг түгээж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Эдгээр арга хэмжээний үр дүнд хэд хэдэн гарааны бизнес шаардлагатай хөрөнгө оруулалтыг амжилттай татаж чадсан. Дэлхийн стартапуудын экосистемийн тайлангийн дагуу, гарааны бизнесүүдийн өөрийн үнэлгээ болон гарах үнэлгээний нийлбэрээр тооцсон бөгөөд миний зуучилсан стартапуудын дундаж үнэлгээ 700.0 саяас 1.6 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Дэд салбаруудыг нарийвчлан авч үзвэл, хамгийн өндөр үнэлгээг финтек болон эрүүл мэндийн технологи салбарууд эзэлж байгаа нь эдгээр салбаруудын өсөлт, инновацийн түвшин бусдаас илүү байгааг харуулж байна. Энэхүү судалгаа, арга хэмжээ нь гарааны бизнесүүдийн санхүүгийн болон зах зээлд өрсөлдөх чадавхыг дээшлүүлэхэд тодорхой ахиц гаргасныг харуулж, Австралийн стартап экосистемийн хөгжилд чухал ач холбогдолтой болж байна.
-Өөрийг тань гадаадад сурч, ажиллаж байгаа зорилготой, ирээдүйтэй залуучуудын нэг гэж харж байна. Ирээдүйн зорилго, мөрөөдлөө хэрхэн төсөөлж байгаа вэ. Улс эх орондоо юуг бүтээнэ гэж боддог вэ?
-Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий даяар хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг болж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг ашиглах нь чухал ач холбогдолтой. Би Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр, дэлхийн өмнөд болон хойд хэсгийн улс орнуудад дижитал хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, ногоон технологи болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах инновацийн шийдлүүдийг хэрэгжүүлэх зорилго тавьж байгаа. Эдгээр арга хэмжээнүүд нь зөвхөн экологийн ач холбогдолтой төдийгүй, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжих үүрэг гүйцэтгэх учиртай.