Я.Эрдэнэсайхан: Жижиг, дунд үйлдвэрийн агентлаг байгуулагдсанаас хойш зээл олголт шударга болсон

Sarangerel
2024-11-28 12:26:32
Ангилал: Ярилцлага

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа. 

-Жижиг, дунд үйлдвэрийн газар аж ахуйн нэгжүүдэд эртнээс зээл олгож эхэлсэн. Гэвч энэ байгууллагын нэр хүнд улстөрчид, авлигачидтай холбогдож унасан. Харин сүүлийн жилүүдэд бодлого, үйл ажиллагаа нь шударга, ил тод болсон гэж харж байгаа. 

-Тэгэлгүй яахав. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого шийдвэр оновчтой гараад явж байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад бүх зүйл шилэн шударга ил тод болсон. Хууль тогтоомжууд зөв журмын дагуу гарсан. Хэрэгжилтийг нь маш сайн хангаж ажиллаж байна. 

Бид чөмгөө дундартал зүтгэж байгаа ч хүмүүс ойлгож өгөхгүй л байна. Муугийн жишээ болгон л ЖДҮ болжээ. Ер нь бол Жижиг, дунд үйлдвэрийн газар агентлаг болсоноос хойш зээл олголт шударга болсон. Хууль тогтоомж нь маш сайн гарсан. Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудад ил тод байдлын үнэлгээг жил бүр хийдэг. Тус үнэлгээгээр  Жижиг, дунд үйлдвэрийн газар 2021 онд хоёрдугаарт байрт орж байсан бол, 2022 онд нэгдүгээр байрт орсон. Ямар ч байсан авлигал, ашиг сонирхолоос ангид газар болсон гэж бардам хэлнэ. Зээл авах ёстой хүмүүс нь авсан. Бид зээл олгоод зогсохгүй, зээл авсан аж ахуйн нэгжүүдээ сургаж дадлагажуулах ажил хийж байна. Жишээ нь, USAID-ын хөтөлбөртэй хамтраад жил болгоны шалгарсан аж ахуйн нэгжүүдээс CEO буюу захиралуудын клуб байгуулаад бизнес, татвар санхүүгээ хэрхэн удирдах уу, эрсдэлээс яаж сэргийлэх зэрэг бүх сургалтуудыг хийж, сертификат олгодог. Жижиг, дунд үйлдвэрийн зээл аваад зөв удирдах, хоорондоо найзалж нөхөрлөх, түнш болох, кластарлах зэрэг ажлуудыг сайн дурын үндсэн дээр аж ахуйн нэгжүүд маань сайн дураараа хийгээд явж байна. Дээрээс нь зээлд жил болгон хяналт тавьж байгаа. Өмнөх жилүүдэд зээл олгоод орхидог байсан бол сургаж байна. Хяналт тавьж байна. Борлуулалт дээр нь анхаарч, гадаад дотоодын үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж байна. Ингээд цогцоор нь дэмжихийг хичээж байна. Мэдээж төсөв санхүүтэй холбоотой санасан ажлаа дуустал нь дүүрэн хийх боломж хомс. 

Авлигатай тэмцэх газрын ил тод байдлын  үнэлгээгээр  ЖДҮГ  2021 онд хоёрдугаарт байрт орсон бол, 2022 онд нэгдүгээр байрт орсон

Бид сүүлийн 4-5 жил улсын төсөв дээр “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд мөнгө өгөөч ээ” гэдэг саналыг тавьдаг. Харамсалтай нь улсын төсөв батлагдахад нэг ч төгрөг тавьдаггүй. Тэгээд зээлийнхээ эргэн төлөлтөөс жил бүр 30 орчим тэрбум төгрөгийг зээл олгоход зориулж байна. Хүсэлт өгсөн аж ахуйн нэгжүүдийн 100 тутмын 9-10 нь л зээл авч байна гэсэн үг. Үлдсэн 90 нь гомдолтой, юм хиймээр байдаг яаж ч чадахгүй байдал үүсээд байгаа юм. Үүнийг засаж залруулах ёстой. Энэ жил “50 тэрбум төгрөгийг улсын төсөв дээр тавьж өгөөч ээ” гэдэг санал хүргүүлсэн байгаа. Одоо  шинэ парламент байгуулагдсан арай өөр өнцгөөс харж тавьж өгөх болов уу гэдэг хүлээлттэй л байна. 

-Энэ жилийн хувьд хичнээн аж ахуйн нэгж хүсэлт өгсөнөөс хэд нь зээлээ авсан бэ? 

-Энэ жил 279 аж ахуйн нэгж ЖДҮ-ийн зээл авсан гэсэн үг. 1300 орчим зээлдэгч хүсэлт ирүүлсэн.  

-Зээлд хамрагдаж чадаагүй аж ахуйн нэгж дараагийн жил болтол хүлээнэ гэсэн үг үү? 

-Үгүй. Шийдвэр нь тухайн жилдээ хэрэгжинэ. Дахиж шинээр зарлаад төслийг нь хүлээж аваад сонгон шалгаруулалт нь хийгдэнэ. Борлуулалтын орлоготой нь уялдуулж зээл олгодог учраас төслийг нь дахин шинээр авахаас өөр аргагүй. 

-Ихэвчлэн ямар төслүүд дээр зээл олгож байгаа вэ? 

-Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөр, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого зэрэг төрөөс гарч байгаа бодлого шийдвэрүүдтэй уялдуулан зээлээ олгож байна. Сүүлийн жилүүдэд ихэнхдээ боловсруулах үйлдвэрлэлд зээл олгож байна. Хэдийгээр ЖДҮ эрхлэгчид дотор худалдаа үйлчилгээ эрхлэгчид ордог боловч Монгол Улсад аль нь илүү үр өгөөжтэй вэ гэхээр мэдээж үйлдвэрлэл. Бид дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж байгаа бол боловсруулах үйлдвэрлэл рүү илүү чиглэх ёстой. Бид гаднаас түүхий эд аваад дотооддоо нэмүү өртөг шингээдээд үйлдвэрлэснийг нь илүү дэмжих үү, эсвэл үндэсний баялаг болсон мал аж ахуй дээр суурилсан малын гаралтай, газар хөрсөндөө ургуулсан ургамал ногоогоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгосоныг нь дэмжих үү гэдэг нь чухал. Төсөв мөнгө хангалттай болоод ирвэл бүгдэд нь л өгөхийг зорино. 

-Шинэ Засгийн газар ЖДҮ-ийг дэмжих тал дээр хэр нааштай байх шиг байна? 

-Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаад явж байна. Үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн маш олон зорилго зорилт батлагдсан байгаа. Цаашид дэмжээд явах байх гэж бодож байна. Тогтвортой, дундаж, чинээлэг давхаргыг бүрдүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжих ёстой. Тийм болохоор Жижиг, дунд үйлдвэрийн санд дэмжлэг үзүүлэхээс өөр арга байхгүй. 

-Та дээр “бид чөмгөө дундартал ажилладаг” гэж хэллээ. Хүн хүч хэр байдаг вэ? 

-Хүн хүч дутмаг. Засгийн газрын хэрэгжүүлэгч нэг агентлаг хоёр байгууллагын ажлыг хийж байна. Төрийн захиргааны байгууллагынхаа чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна Жижиг, дунд үйлдвэрийн сангийн чиг үүргийг хариуцаад явж байна. Сангаас зээл олгох үйл явц маш их техник ажиллагаатай. Асуудал үүссэнээс хойш сонгон шалгаруулалтын үе шатыг бүр нарийн журамласан. 2019 онд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль батлагдсан. 2020 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох, хяналт тавих, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх журам батлагдсан юм. Үүнээс хойш дээрх гол бичиг баримтуудын хүрээнд сонгон шалгаруулалт хийгдээд явж байгаа. Бидэнд 1500 төсөл ирлээ гэхэд шаардлага хангасныг нь нэг бүрчлэн газар дээр нь очиж үзнэ. 

ЖДҮ-ийн зээл авах боломжтой төсөл 70-80 хувь нь байдаг. Харамсалтай нь 10-20 хувь нь л зээл авч байна

Дөрвөн үе шаттай сонгон шалгаруулалт хийдэг. Гэтэл манайх 30 гаруй хүнтэй. Техник ажил маш ихтэй. Заавал ил тод лайв хийж байгаад сонгон шалгаруулалтынхаа хурлыг хийнэ. Үүнд маш их цаг хугацаа зарцуулдаг. Дараа нь барьцаа хөрөнгийг нь үнэлнэ. Улсын бүртгэлд бүртгүүлнэ. Нотариат орно. Гэрээ байгуулна. Мөнгийг нь шилжүүлсний дараа эргэн төлөлтийн хуваарь батална гээд маш их бичиг цаастай зууралдана. Ачаалал маш их. 3-4 хүний ажлыг нэг хүн хийгээд цалин нь бага болохоор хүн тогтохгүй байх жишээний. Үнэхээр манайхан амралтын өдөргүй шахуу ажиллаж байна. Тэрийг хүмүүс ойлгож л байгаа байх. Аймаг болгон дээр хоршоо, жижиг дунд үйлдвэр хариуцсан бүтэцтэй баймаар байгаа юм.

-Тэгэхээр ямар ч авлигал, холио солио байхгүй болсон гэж ойлгож болох уу?

-Төслийг нь цахимаар улс орон даяар нэг цаг хугацаанд авчихдаг. Үүний дараа цаасаар өгөх ямар ч боломж байхгүй. Хуучин цаасаар өгчихөөд зарим цаасыг нь сольчихдог. Хэн ч мэдэхгүй. Харин одоо цахимаар авч байгаа учраас бүгдийг нь түгжчихнэ гэсэн үг. Тэрийг хэн ч солих боломжгүй. Ингэхээр яг шударга өрсөлдөөн эхэлж байгаа юм. Ижил гараанаас жигд уралдаж байна. Ингээд хүлээж авсан төслийг мэргэжилтнүүд хувааж авна. Нэг хүн дээр 200 гаруй төсөл оногдоно. Эхний ээлжинд бүрдэлийг нь шалгана. Ингээд ямар нэгэн юм дутуу өгсөн бол нэгдүгээр шатнаасаа хасагдана. Хоёрдугаар шатанд нарийвчилсан үнэлгээ буюу төслийн үе шат. Үнэхээр үр өгөөжтэй төсөл юм уу, орон нутагтаа хэрэгтэй юм уу, хэдэн ажлын байр бий болгох юм, ямар татвар төлөх вэ зэргийг үнэлээд 60-аас дээш оноо авсан нь дараагийн шатандаа орно. Гуравдугаар шатанд газар дээр нь очиж үзнэ. Хуучин цаасаар төсөл бичдэг. Амьдрал дээр тэр нь байдаггүй байсан. Ингээд зарим нь гадагшаа гараад алга болчихсон. Тиймээс газар дээр нь очиж үзэх хамгийн чухал ажил. Дөрөвдүгээр шат нь долоон гишүүнтэй төсөл сонгон шалгаруулах дэд хороо аймаг болгон дээр хуралдана. Тэгээд баталсан төсөвтөө багтаагаад төслөө шалгаруулна. Хэн нэг нь нөлөөлөх ямар ч боломж байхгүй. Эхний шатанд сонгон шалгаруулсан мэргэжилтэн дараагийн шатанд орохгүй. Тиймээс хэн нэгэн буруу үнэлэх ямар ч боломжгүй. 

Энэ тогтолцоог бий болгохын тулд олон улсын зээл олголтын үнэлгээний системийг судлаад Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банкны зөвлөгөөг аваад олон улсад байдаг арга аргачлалыг харьцуулж, Монгол орны онцлогт тулгуурлаад хийчихсэн учраас үүн дээр ямар ч хардлага үүсэх боломжгүй болж байгаа юм. 

“Монгол Улс ЖДҮ-ийнхээ салбарт маш зөв бодлого бариад бусдад жишиг болгочихлоо. Үүнийгээ манай хуралд ирж оролцоод бидэнтэй хуваалцаач ээ” гэж Женевээс урилга ирүүлсэн 

-Та бүхэнд ирж байгаа төслүүдийн ихэнх нь төсөвгүйгээс болж буцаагддаг гэж байна. Тэгвэл тэдгээр төслүүдээс хэдэн хувь нь хэрэгжих боломжтой төсөл байдаг вэ? 

-70-80 хувь нь боломжтой байдаг. Харамсалтай нь 10-20 хувь нь л зээл авч байна. Уг нь юм хийх гээд байгаа хүмүүсээ дэмжвэл эргээд улс орны эдийн засагт нэмэртэй шүү дээ. Хатуухан хэлэхэд нэг захын суманд сургууль цэцэрлэг хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Нэг ангид арван хэдэн хүүхэд сурахад зориулж хэдэн тэрбумаар нь сургууль цэцэрлэг барьж байхаар нэг, хоёрхон жилдээ түр хязгаарлаад ЖДҮ-ийн зээлээ өгчихөөч ээ. ЖДҮ-ийн зээлд нэг удаа боломжийн мөнгө улсын төсөвт суулгахад эргэн төлөлтөөрөө нөхөөд явчихна. Одоо бол ЖДҮ-ийн зээл шударга, хэн нэгэн хүний танил тал, нөлөөлөл байхгүй болсон гэдгийг хаана ч хэлдэг. 

Хөдөө хаягдаад байгаа эдийн засгийн маш том нөөцийг бид эргэлдүүлээд улс орон, орон нутагт нь үлдээх хэрэгтэй. Гэр хорооллын утаанд Улаанбаатарт шавааралдаад байж байхаар хөдөө орон нутагтаа мах, арьс ширээ боловсруулаад мөнгө олмоор байна. Ядахдаа боловсруулаад үнэд хүрэх түүхий эд болгоод зарахад тэнд ажилгүй байгаа өчнөөн олон хүн ажлын байртай болно шүү дээ. Малын махаа гэхэд малчин чэнжээр дамжихгүй шууд эцсийн хэрэглэгч дээрээ авчирч өгөх нь чухал. Малчиндаа орлого нь орно. Хот суурин газрын хэрэглэгч гарал үүсэл нь тодорхой, үнэ өртөг багатай мах авчихвал хэн хэндээ хэрэгтэй биз дээ. Мал аж ахуй жилээс жилд хөрсөн дээрээ ургаж байдаг. Маш их боломжийг бидэнд байгаль дэлхий өгсөөр байна. Гэвч боловсруулах үйлдвэр нь дэлхийн түвшинд хүрээгүй. Хоршоодууд нь дөнгөж байгуулагдаж, зээлээ авч байна. Авсан зээлээрээ дээрх зүйлүүдийг хийх шаардлага үүсэж байгаа юм. Энэ бол тийм хурдан хийгдэхгүй. Монгол Улс өмнө нь тав таван жилээр төлөвлөдөг байсан шүү дээ. Тэр системд сайн зүйл байсныг нь авъя л даа.  

-Уг нь Манай Засгийн газар хоршоог дэмжих асуудал дээр нэлээн анхаарал хандуулж байгаа тийм үү?

-НҮБ Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар 2025 оныг Хоршоог дэмжих жил болгон зарлачихлаа. Үүнийг 2022 онд ЖДҮГ-аас санаачлаад ГХЯ-аар дамжуулаад НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан батлуулж чадсан. Одоо 11 дүгээр сард хоршоо хамгийн их хөгжсөн Энэтхэг улс дэмжих жилийн нээлтээ хийх гэж байна. Тэгээд дэлхийн улс орнууд хоршоогоо дэмжье гээд уриалж байна. Монгол Улс санаачилсан юм чинь өөрсдөө үлгэр жишээ болмоор байна шүү дээ. 

Мөн бид Женевт болж байгаа ЖДҮ-ийн хуралтай холбоотой материалаа явуулсан. Монголчууд бид дотроо мэдэхгүй байхад дэлхийн улс орнууд мэддэг юм байна. Манайд ямар бичиг ирсэн бэ гэхээр “Монгол Улс ЖДҮ-ийнхээ салбарт маш зөв бодлого бариад бусдад жишиг болгочихлоо. Үүнийгээ манай хуралд ирж оролцоод бидэнтэй туршлагаасаа хуваалцаач ээ” гэсэн. Харамсалтай нь бидэнд мөнгө байхгүй явж чадаагүй. “Танайх ядуу буурай орон биш, хөгжиж байгаа орон учраас бид зардал өгөх боломжгүй” гэсэн. Саяхан бид муугийн жишээ байсан бол хэдхэн жилийн дотор дэлхийд жишиг болохуйц болж чадаж байна. Үүнийг би анх удаа хэвлэлд хэлж байна. Харамсалтай нь өнөөдөр болтол муугаар цололдог хүмүүс нь хардаггүй юм байна.