Үлгэрийн төслүүд-1: Тавдугаар станцыг ярьсны 35 жилийн ойд зориулав

B Shurenchimeg
2023-11-20 13:27:05
Эх сурвалж: АХБ болон ЕСБХБ-ны шаардлагаар 2016 онд хийсэн ДЦС-5 төслийн байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын тайлан
Зургийн эх сурвалж: АХБ болон ЕСБХБ-ны шаардлагаар 2016 онд хийсэн ДЦС-5 төслийн байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын тайлан

 

Үлгэр бүхэн анхны зорьсон зорилгодоо хүрч аз жаргалтай төгсдөг. Харин энэ удаа арай өөр төсгөлтэй үлгэрийн тухай өгүүлье. Эрт дээр үед Монгол Улсын эрчим хүч ЗХУ-аас хамааралтай байжээ. Өнөөдөр ч хараат байдал 100 хувь арилаагүй байгаа. Цахилгаан, дулааны томоохон эх үүсвэрүүд болох ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4, Дарханы болон Эрдэнэтийн ТЭЦ-ыг ЗХУ барьж өгсөн. Эдгээр станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах магистраль шугам, дэд станцууд болон цахилгаан түгээх сүлжээнүүдийг ч тэдний тусламжтай барьсан юм.

Манайх 1990 оноос өмнө социалист интеграцын гишүүн орон байлаа. Социалист интеграцыг ЗХУ тэргүүлж, гишүүн орнуудынхаа улс ардын аж ахуйг хөгжүүлэх бодлогыг нэгтгэн зангиддаг байв. Тухайн үед зарим социалист орны эрчим хүчний хөгжлийн төлөвлөгөөг “Электро сеть проект” институт хийдэг байж. Тэр зарчмаар тус институтын баруун хойд салбарт “БНМАУ-ыг цахилгаанжуулах схем” нэртэй Монголын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх таван жилийн нарийвчилсан төлөвлөгөөг 15 жилийн дунд хугацааны хөгжлийн төсөөлөлтэй уялдуулан хийжээ. Энэхүү төлөвлөгөөнд анх ДЦС-5 барих төсөл багтсан юм. Цаг хугацааны хувьд нарийвчилбал, 1989-1992 онд Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд байсан үеэс ДЦС-5-ыг ярьж эхэлжээ.

Тухайн үед одоогийн Амгалангийн дулааны станцын суурин дээр барихаар яригдаж байсан ч муу хувилбар гэж үзээд  нүүрсний орд газрыг түшиглэн Багануурын уурхайн хажууд байгуулахаар болж шавыг нь хүртэл тавьж байв. Гэвч Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, зөвлөлтийн инженерүүд нутаг буцахтай зэрэгцэн уг ажил замхарчээ.

Монгол Улс хаа очиж их азтай. Томоохон судалгаа, шинжилгээ, мега төсөл хөтөлбөрүүдээ ихэнхийг нь гадаадын туршлагатай мэргэжилтнүүдээр хийлгэчихдэг. Энэ жишгээр 1990-ээд оны сүүлээр Азийн хөгжлийн банкны техник хамтын ажиллагааны хүрээнд манай улсын эрчим хүчний чадлыг бэхжүүлэх судалгаа хийж “Монголын эрчим хүчний мастер” төлөвлөгөөг гаргажээ.

Сураггүй болсон тавдугаар цахилгаан станцын төсөл уг мастер төлөвлөгөөнд багтсанаар 2000 оны эхээр дахин ярьж эхлэв. Энэ удаа хотын зүүн хэсэгт Улиастайд барихаар болсон байна.

Гэвч техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа хийх явцад энэ байрлал нь газрын цэвдэгтэй, нийслэлийн агаарын бохирдлыг улам ихэсгэнэ, усан хангамжид сөрөг нөлөө үзүүлнэ, газар хөдлөлийн онцгой идэвхтэй бүс гэсэн үндэслэлээр дахин өөр газар хайхад хүрчээ.

Энэ хооронд жилээс жилд Монгол Улсын цахилгаан, дулааны хэрэглээ өсөн нэмэгдсээр, өвгөн станцууд аахилсаар арайхийн аргацаасаар байв. Одоо ч аргацаасаар Монгол Улсын эрчим хүчний салбар амь тавихад ойрхон болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа биз ээ.

Манай улс 2022 оны байдлаар дотооддоо 8,035.0 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэсэн ч 20 хувийн эрчим хүчний дутагдалтай, үүнийгээ гаднаас импортлон нөхөж байна. Өөрөөр хэлбэл 1,705.6 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг ОХУ болон БНХАУ-аас импортлон авч буй. Хэрвээ ДЦС-5 төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлсэн бол 20 хувийн дутагдлыг нөхөх бүрэн боломжтой байлаа.

1988 оноос ярьж хэд дахин бууриа сэлгэж, энэ болгонд тэрбум тэрбумаар зохиосон ТЭЗҮ, цаашлаад эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болоогүй гээд алдагдсан боломжийн өртгийг яривал асар их тоо гарах нь тодорхой.

Ийн Улаанбаатарыг хэдэнтэй тойрч, арайхийж дараагийн байршлаар Хонхорын радио станцын орчмыг онилсон ч Богд ууланд ойрхон дархан цаазтай бүс, дулааны шугам сүлжээ хэт алслагдаж 27-28 км орчим болно, газрын өндөрлөг нь даваа гүвээтэй, хотын түвшнээс 100 орчим метр өндөр байгаа нь дулааны шугам сүлжээний усны эргэлтэд хүндрэл учирна гэсэн дүгнэлт гарч бас л барих газаргүй болжээ. Тухайн үед станц барихад 700-800 гаруй сая ам.доллар шаардлагатай гэж байв.

Засгийн Газрын 2009 оны 34-р тогтоол болон 2010 оны 198-р тогтоолуудыг үндэслэн 450 Мегаваттын хүчин чадалтай Дулааны V цахилгаан станц төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр олон улсын өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг 2011 онд зарлаж, 2012 оны долоодугаар сарын 5-ны өдөр Энжи-Сожитц-Поско Энержи-Ньюком гэх олон улсын компаниудаас бүрдсэн түншлэлийг шалгаруулсан. Энэхүү түншлэл нь 2012 оны есдүгээр сард төсөл хэрэгжүүлэгч компани болох “Фифт Комбайнд Хийт Энд Пауэр Плант” ХХК-ийг байгуулж байв. Энэ үед төслийн талбарыг ДЦС-3-ын суурь баазыг өргөтгөх замаар тус станцын баруун талд барихаар болов. Гэвч газрын асуудал дахин гарч 20 гаруй айл, аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцэж, эх үүсвэр нэг дор байрших нь зохимжгүй, хотын нөгөө захад байх ёстой гэж үзсэн байна.

Ийнхүү хэд хэдэн Засгийн газар дамжин ярьсан энэхүү төсөл хонгилын цаадах бүдэг гэрэл мэт сүүмэлзсээр байлаа. Хариулт нь олддоггүй таавар мэт ДЦС-5 хаана барихыг шийдэж чадахгүй явсаар Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоолоор хотоос зүүн тийш Хөлийн голын хөндий буюу Баянзүрхийн товчооны цаана барихаар болов.

2013 оны наймдугаар сард гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, Францын “Жи ди Эф Суэз”, Японы “Сожитц корпораци”, дэлхийн тэргүүлэгч гангийн үйлдвэрлэгч БНСУ-ын “Поско энержи”, Монголын “Ньюком” ХХК-иас бүрдсэн түншлэл тавдугаар станцыг барих төслийг хэрэгжүүлэхээр шалгарав. Цаг хугацаа өнгөрөх тусам станц барих төсөв ч улам бүр нэмэгдсээр байсан юм. Энэ удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд станцыг 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөв.

Гэтэл “чөтгөрийн тойрог” дахин эхэлж судалгааны явцад Хөлийн голын хөндий нь бас л газрын маргаантай болж таарав. Мөн усан хангамжийг шийдэх зэрэг асуудал тулгарч удааширч эхлэх нь тэр. Хөрөнгө оруулагчдын тэвчээр тасарч, уг төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй гэж үзээд Монголыг орхин явснаар консерциум таржээ. Улс өөрөө барих гээд чадаагүй мега төсөл рүү хувийн хэвшил зоригтой орж гадаадын хөрөнгө оруулагчид олж ирсэн ч эцэст нь алдагдал хүлээв.

Эрчим хүчний сайд байсан Ц.Даваасүрэн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга байсан А.Тлейхан нар “ДЦС-5 төслийг хэрэгжүүлэх консерциум задарсан учир тус станцыг барих боломжгүй” хэмээн бүүр хожим зарлав.

Үнэндээ V цахилгаан станцыг барих ганц дов 1.5 сая км² нутгаас олдоогүй юм аа гэж яривал бидний хойч үе итгэхгүй л байх. Харин үе үеийн Засгийн газрын урагшгүй бодлого, дотоод зөрчилдөөн, тамын тогооны үлгэрийн хар гайгаар дулааны V цахилгаан станцыг барьж чадаагүй гэвэл үнэнд ойртох биз ээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд тавдугаар цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулахаар хандахдаа Монгол Улсын нүүрсээр ажилладаг, өндөр технологийн хамгийн сүүлийн станц болно гэж үзэж уг төслийг сонирхож байсан билээ. Мөн хөрөнгө оруулагчдын зүгээс төсөлд өөрсдийн хөрөнгөөр санхүүжилт хийхээс гадна өмнө нь хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн олон улсын санхүүгийн байгууллагуудын (Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Солонгосын экспорт, импортын банк, Токио Мицубиши Банк) зүгээс төсөл хэрэгжүүлэхэд зориулан зээл олгохоор төлөвлөж байсан.  2012-2017 оны таван жилийн хугацаанд олон улсын сонгодог стандарт, аргачлалын хүрээнд энэхүү төслийн бэлтгэл ажил эрчимтэй явагдаж  Консорциум болон олон улсын зээлдүүлэгч байгууллагуудын зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллаж байсан юм.

Түүнчлэн тухайн үед Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банк зэрэг манай улсын стратегийн чухал хөрөнгө оруулагч олон улсын санхүүгийн байгууллагуудын зүгээс Монгол Улсад цахилгаан, дулааны хангамжийг урт хугацаанд, найдвартай, тогтвортой байдлаар шийдвэрлэхэд санхүүжилт авах боломжтой, хэрэгжих бүрэн магадлалтай төсөл гэдгийг онцлон нотолсоор ирсэн.
Тухайлбал, Азийн хөгжлийн банкны зүгээс манай улсын Засгийн газарт техникийн туслалцаа үзүүлж ДЦС-5-ыг шинээр барьж буй Сонгино дэд станцад холбох 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ТЭЗҮ, трасс тогтоох зураглал хийсэн. Мөн Улаанбаатарын дулааны сүлжээнд холбох, дулаан өгөх, буцах шугамын трасс сонгох техникийн шийдэл, ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хийж өгсөн юм.

 ДЦС-5 төслийг Дэлхийн акулууд сонирхож байсан юм шүү дээ. Тухайлбал, дээрх томчуудаас гадна АНУ-ын “Peabody”, Хятадын “Шинхуа” зэрэг компаниуд Монголд орж ирээд байлаа.

Монгол Улс энэхүү станцыг барьчихсан байсан бол өнөөдөр бид өвөл хөлдөх асуудлыг ярихгүй байх байлаа. Цахилгаан, дулааны дутагдалд орохгүй байх байлаа. Оюутолгойн Хятад руу урсгах жилийн 150-160 сая ам.долларыг дотоодод шингээх боломжтой байлаа. Өндөр технологийн эх үүсвэрийн станцтай, эрчим хүчний салбарынхан хүчтэй байх байлаа. Хувийн хэвшлээ нулимаад хаяхгүй байх байлаа. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбартаа татаж чаддаг гэдгийг дэлхийд харуулах боломжтой байх байлаа.

Тухайн үед шалгарсан олон улсын компаниудаас бүрдсэн эвслийн хувьд “ДЦС-5”-ыг байгаль орчинд ээлтэй, улсын төсөвт дарамт үзүүлэхгүй, олон улсад ашигладаг тэргүүний дэвшилтэт технологийг Монголд нутагшуулахаар зорьж байсан юм.

“ДЦС-5”-аас агаар мандалд ялгарах утааны хий, азотын исэл, хүхрийн исэл, үнсний ялгарах хэмжээ нь олон улсын шаардлагын түвшинд байх бөгөөд тоосонцрын жижиг хэсгүүдийн ялгарал нь одоогийнхоос 55 дахин бага байхаар байсан. Түүнчлэн дулааны өнөөгийн хэрэглээний түвшний 60 гаруй хувийг өсөлтийг бүрэн хангах хүчин чадлыг бий болгосноор гэр хорооллын айл өрхийн тоог огцом бууруулах нөхцөлийг бий болгож Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэхээр байлаа.

Мөн агаарын хөргөлтийн технологи ашиглах тул станцын усны хэрэглээг “ДЦС-4”-тэй харьцуулахад 7.3 дахин бага хэмжээнд байлгах бололцоог бүрдүүлж хотын хамгийн тулгамдсан асуудал болох гүний цэвэр усыг хэмнэх ач холбогдолтой байсан билээ.

Олон улсын санхүүгийн байгууллагууд болох Азийн хөгжлийн банк, Дэлхий банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зүгээс цаашид нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхэд зээл олгохгүй санхүүжилт хийхгүй гэж зарласны дараагаар зөвхөн БНХАУ л нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцын төслийг санхүүжүүлдэг ганц орон байсан юм. Гэвч БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад улс цаашид нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцыг хилийн чанадад барих төслүүдийг дэмжиж санхүүжүүлэхгүй болохоо 2019 онд албан ёсоор зарласан. Үүнээс хойш нүүрсээр ажилладаг шинэ дулааны цахилгаан станцыг барихад олон улсын зах зээлээс санхүүжилт босгох боломж асар их хумигдаад байгаа. Одоо Монгол Улсын Засгийн газрын хувьд зөвхөн өөрийн санхүүжилтээр л шинэ дулааны цахилгаан станц барьж байгуулахаас өөр сонголтгүй.

Хамгийн сүүлийн хувилбараар 2017 онд дуусгах төлөвлөгөөтэй байсан уг станц өнөөдрийг хүртэл цаасан дээр бичигдсэнээс өөр бүтээн байгуулалтгүйгээр мартагдаж эхэлсэн билээ.

Монгол Улс ийн эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барих тухай 35 жил ярьж, газрын асуудал нь байнга маргаан дагуулж, нааш, цааш болсоор эцэст нь Хөлийн голын хөндийд “амьсгал хурааж” “ДЦС-5” хэмээх үлгэр төгссөн юм.

 

 

 

 

B Shurenchimeg