Уул уурхайн компаниуд орон нутагт хандив, дэмжлэгийн зориулалтаар 2015-2018 онд 124.6 тэрбум төгрөгийг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр өгчээ. Үүний 91.3 тэрбум төгрөг буюу 70 гаруй хувийг Оюутолгойн уурхай дангаараа бүрдүүлж байна. Үлдсэн 33.3 тэрбум төгрөг нь ямар зориулалтын хандив дэмжлэг байсныг “Уул уурхайг өгөгдлөөр урлахуй” дата хакатонд оролцогч Data winners багийнхан өгөгдлийн шинжилгээгээр гаргажээ.
Энэхүү тоон үзүүлэлтийг гаргахдаа Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цуглуулсан өгөгдлийг ашиглажээ. Тус байгууллага эрдэс баялагаас орж ирсэн орлогыг олон нийтэд ил болгох замаар нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлж, сайн засаглалыг бэхжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Харин компаниудын хандив, дэмжлэгийн зориулалтад өгөгдлийн шинжилгээ хийх боломжийг УУХҮЯ, Дэлхийн банк группийн гишүүн Олон улсын санхүүгийн корпорац, Нээлттэй нийгэм форум, Unread media ХХК-ийн хамтран зохион байгуулсан “Уул уурхайг өгөгдлөөр урлахуй” дата хакатон олгож байгааг энд дурдсу.
Орон нутагт очсон хандив дэмжлэгийн өгөгдлийн шинжилгээг “Оюутолгой” ХХК-ийн хандив, дэмжлэгээс салгаж шинжилсэн нь хэд хэдэн шалтгаантай.
“Оюутолгой” ХХК нийт хандивын дөрөвний гурвыг эзэлж байгаа ч гэсэн Өмнөговь аймагт төвлөрдөг. Харин хандивын үлдсэн хэсэг нь хүртээмжийн хувьд 21 аймгийг хамарч байна гэсэн үг. Тиймээс хандивыг зориулалт болоод үр ашгийн хувьд салгаж харах нь сонирхолтой.
Мөн хэрэв Оюутолгой байхгүй байсан бол уул уурхайгаар аль аймаг тэргүүлэх байсан бэ гэдэг дүр зураг өгөгдлийн шинжилгээний дараа тодорхой болсон юм. ОҮИТБС-ын өгөгдлөөр хандив дэмжлэг нь орон нутгийн орлогын урсгалд дээгүүр байр эзэлдэг аж.
Уул уурхайн үйл ажиллагаа экспортын орлогын 90 орчим хувь, улсын төсвийн орлогын бараг дөрөвний нэгийг, ГШХО-ын 70 орчим хувийг бүрдүүлэхийн зэрэгцээ компаниуд нь татвар төлж, ажлын байр нэмэгдүүлж, орон нутгийн жижиг, дунд бизнесийг худалдан авалтаар дэмжиж, нийгмийн ач холбогдолтой ажлуудыг дэмжих замаар эдийн засагт хувь нэмэр оруулдаг. Үүний зэрэгцээ нийтийн баялагийг олборлож буйн хувьд тухайн орон нутагтаа хандив, дэмжлэг их үзүүлдгээрээ бусад салбарын бизнесээс эрс ялгаатай.
Гэтэл чухам тэрхүү мөнгөний урсгал нутгийн иргэдийн амьжиргаа, амьдрах нөхцлийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нь дэмжихэд зарцуулагдаж буй эсэх нь эргэлзээтэй. Хандив, дэмжлэг нь сайн дурын үндсэн дээр, тухайн нутаг орны иргэд, удирдлагуудын хүсэлт болоод хэрэгцээнд тулгуурладаг. Нөгөө талаас, тухайн компани үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад хандив, дэмжлэгийн нөлөө их.
Өгөгдлийн шинжилгээгээр уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоогоор тэргүүлж буй аймгууд илүү олон хандив өгдөг компаниудтай юм байна.
Мөн 2017 оноос уул уурхайн компаниудын хандив дэмжлэг өмнөх хоёр жилтэй харьцуулахад эрс өсчээ. Энэ нь 2016 онд дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн уналтын мөчлөг тохиож улмаар 2017 оноос эргээд манай голлох экспортын түүхий эдүүдийн үнэ сэргэсэнтэй давхцаж байна. 2016 онд манай ДНБ-ийн өсөлт арай гэж нэг хувьтай гарсан ч 2017 онд 5.3 хувиар тэлсэн билээ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр гаргадаг аймгуудын өрсөлдөх чадварын индексээр уул уурхай тухайн аймгийн эдийн засгийн тамир тэнхээг тодорхойлоход чухал үүрэгтэй нь харагддаг. Гэсэн хэдий ч өгөгдлийн шинжилгээ хийж үзэхэд хандив, дэмжлэг ихтэй аймгууд бусад аймагтай харьцуулахад хадгаламж болоод зээлийн зөрүү ихтэй байдгийг Монголбанкны статистик харуулж байна. Тиймээс хадгаламж зээлийн зөрүү ихтэй боловч хандив дэмжлэг их авдаг Дорноговь, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Өмнөговь аймагт өгөгдлийн шинжилгээг нарийвчлан хийлээ.
Төсвийн тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээдээс эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээ үзүүлэх зорилгоор нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллага хандив, дэмжлэг авч болно. Харин төсөвт байгууллагын төсвийн захирагч нь санхүүжилт нь дутагдсан хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх, хүний нөөцийн чадавхаа бэхжүүлэх зорилгоор нийт төсвийнхөө 50 хувиас илүүгүй хандив авахыг зөвшөөрдөг.
Харин өгөгдлийн шинжилгээгээр дээрх зориулалтуудаас гадна “бусад” гэдэг нэрийн дор хандив, ойн баяр, төрөл бүрийн сангууд, барилга тохижилт зэрэг ангиллын хандив, тусламжууд тэргүүлж байна. Гэхдээ ийм зориулалттай хандивуудыг ямар нэг ТББ-аар дамжуулан авч байгаа нь орон нутагт очиж байгаа хандив, дэмжлэгийг хянах, үр ашигтай зарцуулах боломжийг хязгаарлаж байгааг үгүйсгэхгүй.
Мэдээж орон нутагт сайн дураар, төсвийн байгууллагаас өөр хуулийн этгээдэд очиж байгаа хандив ийм, тийм байх ёстой гэж захиргаадах аргагүй. Гэсэн хэдий ч нөгөө талаар энэ нь тухайн мөнгө нийтийн эрх ашгийн эсрэг урсаж болно гэсэн үг биш. Өгөгдлийн шинжилгээгээр хандивын багагүй хэсэг нь эмчилгээний төлбөр, сургалтын тэтгэлэг хэлбэрээр хувь хүмүүст очдог. Бас цэцэрлэг, сургуулийн тохижилт, эмнэлэг, эрүүл мэндийн төв, гамшиг зуд, өвөлжилтийн бэлтгэл гээд нэн шаардлагатай хэрэгцээнд буюу нийтийн эрх ашигт нийцсэн зориулалттай хандив их бий.
Харин ойн баяр, нутгийн хөгжил, шагнал урамшуулал, хурдан морины бай шагнал гэх мэт зориулалтаар өгсөн хандив дэмжлэг нэлээд хэсгийг эзэлж байна. Дүрслэл дээр тухайн үг том байх тусам тэр зориулалтаар авсан хандив их байгааг илтгэнэ. Ялангуяа 600 сая төгрөг ба түүнээс дээш үнийн дүн бүхий хандив, дэмжлэгүүд “ойн баяр”, “бусад”, “хандив” гэх мэт зориулалтаар хуулийн этгээдэд очжээ. Ийм зориулалтаар очсон хандивууд эргээд хэрхэн зарцуулагдсаныг нэгдсэн байдлаар харах, хянах тогтолцоо манай улсад байдаггүй нь өгөгдлийн шинжилгээний явцад харагдсан юм.
Хандивын мөнгө төсөвт очдоггүй учраас төсвийн талаас зарцуулалтад нь хяналт тавих боломжгүй. Харин Төрийн аудитын байгууллага нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгээр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих зорилт тавьдаг. Гэхдээ тэр бүр хүрч ажиллах хүч бололцоо дутмаг байдгийг Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг хэлсэн.
Харин уул уурхайн салбарын зүгээс 2019 оноос Уул уурхайн үндэсний ассоциац Хариуцлагатай уул уурхайн кодекс гаргаж, гишүүн компаниудаараа мөрдүүлж эхэлсэн. Тус кодексоор орон нутагт өгсөн хандив, дэмжлэгээ хуульд нийцүүлэн, ил тод тайлагнахыг заасан байдаг.
Түүнээс биш хандив дэмжлэг авч байгаа тал хэрхэн зарцуулдгийг хянах боломж нь одоогийн хууль эрх зүйн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) л байгаа юм. Сангийн зорилго нь нутаг орны хөгжлийг дэмжих, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлдэг. Ингэхдээ тухайн нутаг орны, тэр дундаа хамгийн алслагдсан баг, хорооны иргэдийн саналын дийлэнхийг авсан байх шаардлагыг тавьдаг. Тиймээс уул уурхайнхаа хаялагыг иргэд бодитой хүртэхийн тулд компаниудын өгч буй хандив, дэмжлэгийг аль болох ОНХС-ийн дансанд хүлээн авч байхыг орон нутгийн удирдлагаасаа шаардах хэрэгтэй гэсэн үг. Үгүй бол тэр их хэмжээний мөнгө далд эдийн засгийг дэмжих, хэн нэг эрх мэдэлтний халаасыг түнтийлгэх замаар авлига газар авахад нөлөөлөх хэрэгсэл болж буйг үгүйсгэхгүй.
Өгөгдлийн шинжилгээнээс харахад боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр багагүй хандив орж ирдэг юм байна. Гэтэл 2019 оны аймгуудын өрсөлдөх чадварын индексээс харахад өгөгдлийн шинжилгээг нарийвчилж хийсэн зургаан аймгаас дөрөв нь эрүүл мэнд, боловсрол, гурав нь засаглалын үзүүлэлтээр өмнөх жилүүдээсээ ухарчээ.
Мөн ОҮИТБС-ын өгөгдлөөр Өмнөговь, Дорноговь аймаг хамгийн их хандив, дэмжлэг авсан боловч ОНХС-ийн зарцуулалт хамгийн багатай байна. Тэгсэн атлаа авлигын үзүүлэлтээр бусдаасаа илүүрхэж байгаа нь даажинтай ч гэмээр.
Тиймээс компаниудын өгч буй хандив, дэмжлэгийг хөгжил болгож тогтоон барих уу, савны ангархайгаар савирч буй ус шиг гоожуулаад дуусгах уу гэдэг нь явж явж ОНХС-ийн ач холбогдлыг иргэдэд хэр зэрэг ойлгуулж мэдүүлэхээс шалтгаална. Уул уурхайн хандив гэдэг зүгээр нэг сул орж ирсэн мөнгө биш. Үүний өнгөрсөн цагийн үнэ цэн нь эх орны минь газрын хэвлийг бүрдүүлэгч үнэт эрдэнэ байдаг бол ирээдүйн үнэ цэн нь Монгол орны хөгжлөөр хэмжигддэг.