Дайн дуусах эсэх нь баасан гарагт шийдэгдэнэ

Ираны дайныг эцэслэх энхийн гэрээний суурь зарчмыг тохиролцсон гэдгээ талууд ням гарагт мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Исламын Бүгд Найрамдах Иран улстай байгуулах гэрээ бэлэн болсон гэж ням гарагт мэдээлээд, мөн Ормузын хоолойг хаах шийдвэрээ цуцалж байгаагаа зарлалаа. Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади ч мөн гэрээг эцэслэж буйгаа мэдээлснээс гадна, Ливан гэх мэтээр дайн бүх фронтод дуусна гэж ярьжээ.

Талууд энхийн гэрээний урьдчилсан нөхцөл, суурь зарчмуудаар тохиролцоо хийгээд байгаа ч гарын үсэг зурж баталгаажуулахаас нааш хэрэгжихгүй гэж Гарибабади анхааруулсан. Мөн зуучлагч тал болох Пакистаны Гадаад хэргийн сайд Шебхаз шарифын мэдээллээр, хоёр улсын төлөөлөгчид энэ баасан гарагт Швейцарь улсад айлчилж, албан ёсоор гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болох төлөвтэй байна.

Энхийн гэрээ ямар заалт агуулсан бэ?

Өрнөдийн хэвлэлүүдийн мэдээлснээр, уг гэрээний урьдчилсан нөхцлүүд нийтэд ил болоогүй  ч, Иран улсын Гадаад хэргийн дэд сайдын мэдээлснээр, талууд Ливан улс гэх зэрэг бүх фронтод даруй гал зогсоож, 30 хоногийн дотор тэнгисийн хориг саадыг бүрэн цуцлах, АНУ Ираны ойр орчмоос цэргээ бүрэн гаргах, Ормузын хоолойг нээх гэсэн заалтууд багтаж байгаа аж. Мөн Ираны газрын тосны борлуулалтын хоригийг түр зогсоож, гэрээ байгуулагдсанаас 60 хоногийн дотор цөмийн хэлэлцээрт хүрэх, энэ хугацаанд тус улсын царцаасан хөрөнгөний 24 тэрбум ам.долларыг чөлөөлөх талаар тусгасныг Ираны Мехр мэдээний агентлаг мэдээлжээ. Тоон мэдээлэл зарим хэвлэлд зөрж байгаа бөгөөд 12 тэрбум ам.долларын хөрөнгийг Америк чөлөөлнө гэж бичжээ. 

Амралтын өдрүүдэд гарсан энэхүү нааштай өөрчлөлтийн нөлөөгөөр даваа гарагт Брент газрын тосны үнэ дөрвөн хувиар буурлаа. Энэ нь цаашдаа инфляцид санаа зовниж байсан улс орнуудын төв банкуудад тайвчшрал авчирах болно гэж үзэж буй. Ормузын хоолойн тээвэрлэлтийн хувьд дайны өмнөх үеийн хэвийн байдалд дахин очиход хэдэн сарын хугацаа шаардлагатай гэж ажиглагчид хэлж байна. Уг хоолойгоор далайн тээвэр дамжих боломжтой болохын тулд эхний ээлжид усан замыг минагүйжүүлэх хэрэгтэй хэмээн Тафтсын Их Сургуулийн далайн судалгааны практик профессор Рокфорд Вейтц ярьжээ.