Д.Удвал: Сорилт бүхэн биднийг ухаажуулж, өнөөдрийн “Наран Групп”-ийн өнгийг бүрдүүлсэн

Sarangerel
2025-09-05 16:20:32
Ангилал: Ярилцлага

“Наран групп”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Удвал бизнес эрхлэгч эмэгтэйн эхлэл цэгээс амжилт хүртэлх замналаар явж, сорилт бүхнийг амжилтын тулгуур болгон хувиргаж, зөөлөн хүчний бодлогоор компанийнхаа соёлыг тогтворжуулан бүрдүүлж, өнөөгийн амжилтыг бүтээсэн эмэгтэй юм. Тэр амьдрал-бизнесийн алтан хослолыг бий болгосноос гадна илүү их хөдөлмөрлөж, нийгмийн идэвхтэй байж, бизнесийн дуу хоолой болохын сацуу, биеэ зөв сайхан авч явахын үлгэр дуурайл болсоор байгаа хатагтай.

Түүний амьдралын болон бизнесийн өмөг түшиг, тулгуур нь нөхөр С.Болдхэт бөгөөд тэд саяхан алтан хуримаа тэмдэглэж, амьдралынхаа хагас зууныг хамтдаа туулсан бахархам түүхээ гэр бүл, найз нөхөд, хамт олон, бизнесийн түншүүдтэйгээ хуваалцсан юм. Алтан хуримын энэхүү баяр нь зөвхөн нэг гэр бүлийн түүх биш Монголын бизнесийн ертөнцөд тодоор үлдэх бизнесийн алтан түншлэлийн амжилтын түүх юм. Тэдний нэг зорилгын төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн 50 жилийн хамтын амьдрал, туулсан сорилт бүхэн нь өнөөдөр олон хүнд урам зориг өгч, үлгэр дуурайлал болсоор байгаа билээ.

-Монгол Улсад ардчилсан хувьсгал гарч, хувийн хэвшил бий болсон 1990 онд Монголын бизнесийн эхлэлийн шанг татан гарч ирсэн компанийн нэг бол “Наран групп” юм. Компаниа үүсгэн байгуулж байх үеийн улс орны нөхцөл байдал ямар байсан талаар та бидэнтэй хуваалцана уу?

-1990-ээд оны эхэн бол Монгол Улсын түүхэн өөрчлөлтийн цэг байлаа. Ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сонгосон тэр цаг үе нийгэм, эдийн засгийн хувьд ихээхэн сорилттой, тогтворгүй байсан ч шинэ боломжуудыг нээж өгсөн юм. Яг энэ хүнд цаг үед бид хувийн компаниа үүсгэн байгуулж, зах зээлд зориглон орсон түүхтэй. Шинэ зах зээл, шинэ нийгмийн хөгжил рүү чиглэсэн энэ замыг хэн ч төдийлөн мэддэггүй, тодорхой бус үе байсан ч бид ухарч буцалгүй, нэгдүгээр эгнээнд зогсож, мөс хагалж явснаа эргэж бодоход зөв эхлэл байжээ. Бид бол анхдагчид. Шинэ нийгэмд гадаад худалдаа, импорт, борлуулалтын тогтолцоог бий болгосноороо зөвхөн өөрсдөдөө төдийгүй өнөөгийн өрсөлдөгч болсон олон компанид боломжийн үүдийг нээж өгсөн. Тэр цагийн Наран бол бизнесийн орчны шинэ уур амьсгалыг бүрдүүлсэн салбарын анхны манлайлагч байлаа.

-Анхны бизнесийн санаа сэдэл юунаас үүдэлтэй вэ?

-Зах зээлийн эдийн засгийн эхэн үед Монголын хэрэглэгчдийн хэрэгцээ, сонголт үнэхээр хязгаарлагдмал байлаа. Дэлгүүрийн лангуу хоосон. Ард иргэддээ өмсөх хувцас, идэж уух хүнсний бараа бүтээгдэхүүн санал болгох, илүү олон сонголтыг өгөх хэрэгцээ байгаа нь өдөр бүр мэдрэгдэж байсан. Тэр мэдрэмж миний хувьд бизнес эхлүүлэх хамгийн том шалтгаан болсон. Гэхдээ энэ нь зүгээр нэг “бараа авчирч зарах” тухай санаа байгаагүй. Монголчууд дэлхийн брэнд, олон улсын стандартад нийцсэн амьдралын хэв маягийг мэдэрч, хэрэглэгчийн соёл төлөвших хөгжлийн цоо шинэ гарц байж чадна гэдэгт итгэсэн итгэл байв. Ингээд зөвхөн нэг компани бус нэг зорилгын дор нэгдсэн бизнесийн нэгдлийг бий болгох том мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуудан ажиллаж эхэлсэн. Ингэхдээ би тухайн үеийн хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээг зөв уншиж зөв бүтээгдэхүүнийг, зөв цагт, зөв үнээр санал болгохыг зорьсон. Энэ зам амар байгаагүй. Гэхдээ сургамжтай, зорилготой байж, алхам бүр биднийг илүү том систем, брэндийн цоморлиг бүхий бизнесийн нэгдэл рүү хөтөлсөн. “Наран групп” өнөөдөр зөвхөн бараа бүтээгдэхүүнээс гадна үнэ цэн, туршлага, итгэлцэл, чанарын нэрийн хуудас болсон гэдэгт би итгэдэг.

“Наран групп” эдийн засгийн идэвхтэй оролцогч, ажлын байр бүтээгч, татвар төлөгч гэдэг нийгэмд эзэлсэн үнэ цэнээрээ ихэд бахархдаг

-Ямар бүтээгдэхүүн анхлан оруулж ирж байсан бэ?

-Зах зээлийн шилжилтийн эхэн үед улсад мөнгө байхгүй, хувийн хэвшлийнхэн ихэнхдээ ганзагын наймаанаас бизнесээ эхлүүлсэн. “Наран групп”-ийн түүх ч ялгаагүй, XIII хорооллын Наран шопын байранд бизнесээ эхлүүлж байлаа. Нөхөр бид хоёр “Наран трейд” нэртэй пүүсийг байгуулж, анхны хурлаа гэртээ хийж, “Трейд” хэмээх гадаад үгийг хүртэл анх удаа нэрэндээ ашиглаж билээ. Түрээсийн байрандаа “Наран шоп” нэртэй валютын дэлгүүр байгуулахаар шийдэж, тухайн хүндээ хэрэггүй ч бусдад хэрэгтэй шинэ бараануудыг комиссоор авч, зарах байдлаар анхны хуримтлалаа бий болгосон. Цаашлаад Японоос 200 иен-ийн бараа, хоёр Герман нийлсний дараах Зүүн Германы валютын дэлгүүрийн бараа, Бээжингээс ганзагаар авчирсан бараагаа худалдан борлуулна. Бас Германы “Күэллэ” нэртэй загварын сэтгүүл харж байгаад хувцас захиалан авчирч зарна. “Наран трейд” хувийн компаниудаас анхлан Барууны орнуудад түүхий эд, ноолуур экспортод гаргаж эхэлсэн бөгөөд энэ нь валютын эх үүсвэртэй болох анхны алхам байсан. Гадаад валюттай болсноор өндөр хөгжилтэй орнуудаас хамгийн чанартай брэндийн бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж, Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх боломжтой болсон юм.

-”Наран групп”-ийн өнөөдрийн амжил туудаас дурдана уу?

– ”Наран групп”-ийн амжилт нь зөвхөн тоон үзүүлэлтээр хэмжигдэхээс гадна Монголын худалдаа, үйлчилгээний салбарын шинэ өнгө төрхийг бий болгосон стратегийн хөгжил, үнэт зүйлд суурилсан бүтээн байгуулалт юм. 1990 онд байгуулагдсан цагаасаа хойш Монголын худалдааны салбарт анхны хувийн хэвшлийн төлөөлөл болж, шинэ цагийн бизнесийн соёлыг нутагшуулсан цөөхөн компанийн нэг байсаар ирсэн. Энэ бол бидний 35 жилийн турш хуримтлуулсан туршлага, үнэ цэн. “Наран групп” өнөөдөр худалдаа, үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, боловсрол, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбарын компанийг нэгтгэсэн бизнесийн бүтэцтэй нэгдэл болж өргөжиж, 1000 гаруй бүтээлч, шижигнэсэн ажилтантайгаар Монгол Улсынхаа хөгжилд хүчин зүтгэж байгаа хамт олон юм. Мөн АНУ, Япон, Герман, Франц, Итали, Австрали, БНСУ зэрэг 30 гаруй орны 100 орчим дэлхийн брэндийг Монголд нэвтрүүлэн нутагшууллаа. Бид Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад олон удаа шалгарсан. Түүнчлэн бид нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд манлайлан явж ирсэн. Зөвхөн бизнес эрхлэгч гэдэг ойлголтоор хязгаарлагдахгүйгээр нийгмийн хөгжлийн түнш гэсэн итгэл үнэмшлийг илүүд үздэг. Боловсролын салбарт тэтгэлэг, дэмжлэг үзүүлэх, байгаль орчныг хамгаалах санаачилгад оролцох, эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн хандив, тусламж үзүүлэх зэрэг нийгмийн хариуцлагын бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн.

-Энэ бүх амжилтын үндэс нь юу байсан гэж бодож байна вэ?

-Бидний хувьд амжилт бол зөвхөн санхүүгийн үзүүлэлт, бүтээгдэхүүн, брэндийн танигдсан байдал бус юм. Харин урт хугацааны итгэлцэл, үнэт зүйлд суурилсан тууштай хөдөлмөр, хөгжлийн үр дүн юм. “Наран групп” бол гэр бүлийн бизнес. Тиймдээ ч бидний суурь үнэт зүйл нь тууштай байдал, хариуцлага бөгөөд нэг зорилгын төлөө нэгдсэн сэтгэлээр амаргүй, сорилттой он жилүүдийг ч бид эргэж буцалгүй, хамтдаа, нэг зүрх сэтгэлээр туулж ирсэн. Энэ л бидний хамгийн том давуу тал, хамгийн үнэт хөрөнгө гэж би боддог. Бид амжилтыг хурдан биш, урт хугацааны итгэлцэл дээр суурилж бүтээдэг гэдэгт итгэдэг. Бүтээгдэхүүнээ сонгохдоо ч хэрэглэгчдийн хэрэглээ, амьдралын хэв маягт үнэ цэн нэмэх нь бидний зорилго байж ирсэн. Тиймдээ ч хэрэглэгчид манай бүтээгдэхүүний нэр хүнд, чанарыг сонгож, нэг удаагийн бус байнгын үнэнч хэрэглэгч болдогт бид бүхэн маш их баяртай байдаг. Бид 35 жилийн турш анхны эрхэм зорилгодоо үнэнч байж, алсын хараатай, тогтвортой өсөлт хөгжлийг эрхэмлэж ирсэн. Энэ нь биднийг зөвхөн өнөөдрийн зах зээлд бус, ирээдүйн бизнесийн орон зайд ч бэлэн байлгаж чадсан юм. Бидний алсын хараа, үнэт зүйл ч тэр цаг хугацааны сорилтод бүдгэрээгүй, харин улам тодорсоор байна.

Сүүлийн 35 жилийн хугацаанд Монгол Улсад бизнесийн орчин сайжрах биш, харин ч улам хүндрэх хандлагатай болсон

-Танай компани улс орны эдийн засаг, улсын төсөвт ямар хувь нэмэр оруулж ирсэн бэ?

– “Наран групп” байгуулагдсан цагаасаа шударга, ил тод зарчимд тууштай байж, улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтөд бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Бид бизнесээ өргөжүүлэх явцдаа жил бүр өндөр хэмжээний татвар улсдаа төвлөрүүлж, “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр олонтаа шалгарч ирсэн. Энэ бол бидний нийгмийн хариуцлагын бодит илэрхийлэл юм. Нөгөө талаас, 1000 гаруй ажлын байрны цаана хэдэн мянган айл өрхийн амьжиргаа, орлогын эх үүсвэр болж байгаа нь манай бизнесийн хамгийн том бахархал. Бид зөвхөн ажил олгогч бус, хамт олноо хөгжүүлж, өсөж дэвших боломжийг бүтээдэг, найдвартай түнш байгууллага байхыг зорьдог. Бидний хувьд бизнес нь зөвхөн өөрийн амжилтад бус, нийт нийгмийн хөгжил, ирээдүйд чиглэсэн үнэ цэн бүтээх урт хугацааны замнал. Тиймээс л би “Наран” бол Монголын эдийн засгийн бүтээлч, хөдөлгөгч хүчний нэг гэж итгэлтэйгээр хэлж чадна.

-“Наран групп”-ийн удирдлагын түвшний менежерүүдийн хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг вэ?

-Манай онцлог бол эмэгтэйчүүдийн манлайллыг онцгойлон дэмждэг. Удирдлагын түвшний багийн 70 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Манай компанийн амжилтын цаана хүчирхэг, тууштай, алсын хараатай эмэгтэйчүүд байдаг. Энэ бол бидний бахархал төдийгүй Монголын бизнесийн орчин дахь эмэгтэйчүүдийн манлайллын бодит жишээ юм.

-Монголын бизнесийн ертөнцөд зүтгэж яваа эмэгтэйчүүдийн талаарх бодолоосоо хуваалцана уу?

-Монгол эмэгтэйчүүд үнэхээр хүчирхэг. Тэдний тууштай зан, боловсрол мэдлэг, ажилч хичээнгүй чанар нь зөвхөн гэр бүлийн төв болоод зогсохгүй өнөөдөр улс орны эдийн засаг, бизнесийн хөгжлийн бодит хөшүүрэг, хүч болж байна. Өнөө цагт олон эмэгтэй удирдлагын түвшинд шийдвэр гаргаж, шинэ санаа санаачилгуудыг бий болгож, бизнесийг илүү ёс зүйтэй, тэнцвэртэй, тогтвортой авч явахад томоохон үүрэг гүйцэтгэж байна. Би Монголын бизнесийн талбарт тууштай зүтгэж яваа бүх бүсгүйчүүдийг “Бизнесийн хатан зөгий” гэж боддог. Тэдэнд зөвхөн боломж, итгэл, дэмжлэг хэрэгтэй. Тэр дэмжлэгийг өгч чадвал Монголын ирээдүй илүү тэнцвэртэй, илүү ухаалаг, илүү хүн төвтэй хөгжинө гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Харин сүүлийн үед эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн олон арга хэмжээг төр засгаас зохион байгуулж, дэмжиж байгаад талархаж байна.

-Бизнесийн энэ урт хугацаанд олон бэрхшээлтэй тулгарч байсан байх. Энэ бүхнийг хэрхэн даван туулж байсан туршлагаасаа ярина уу?

-Сорилт нь амжилтын жинхэнэ шалгуур гэж би боддог. Аль ч бизнесийн зам шулуун, тэгш байдаггүй. Харин тэр замын бартааг хэрхэн даван туулсан нь тухайн байгууллагын үнэт зүйл, туршлага болдог. Бизнесийн энэ урт хугацаанд эдийн засгийн хямрал, валютын ханшийн огцом хэлбэлзэл, гадаад түншүүдтэй үүссэн ойлголцлын зөрүү, нийлүүлэлтийн доголдол, хэрэглээний зах зээл дээрх огцом өөрчлөлт зэрэг олон сорилттой нүүр тулж ирсэн. Гэхдээ эдгээрийг бид ил тод, шударга харилцаа, уян хатан менежмент, шинэ нөхцөлд хурдтай дасан зохицох чадвараараа даван туулсан. Миний хувьд ямар ч үед, асуудлыг хэзээ ч хойш тавьж, хүлээлгийн горимоор ханддаггүй. Хямралын үед бид бүтэц, стратегиа эргэн харж, шинэ боломжийг хайж, багийн урам зоригийг сэргээдэг. “Наран групп”-ийн хамгийн том давуу тал бол бидний урт хугацааны алсын хараа болон сорилтыг багийн хүчээр даван туулах чадамж юм. Бидний хувьд амжилт гэдэг зөвхөн сайн сайхан үед бус хүнд хэцүү үеүдэд ч унаж, босож ирсэн туршлагаасаа суралцах явдал юм. Тиймээс сорилт бүхэн биднийг илүү ухаалаг, илүү бат бөх болгож, өнөөгийн “Наран групп” ийн өнгийг бүрдүүлсэн.

Нийт ажилчдын тоо 1000 бөгөөд удирдлагын түвшний багийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг

-Та бүхэн ирээдүйд юуг бүтээхээр зорьж тэмүүлж байна вэ?

-“Наран групп”-ийн ирээдүй нь Монголын хэрэглэгчид, зах зээл, залуу боловсон хүчний хөгжилтэй хамт урагшлах цогц зорилго юм. Бид өнөөдөр дижитал шилжилт, тогтвортой хөгжлийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдэд бодитойгоор төвлөрч, бизнесээ зүгээр нэг өргөжүүлэх биш, утга агуулгатайгаар шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байна. Монгол хэрэглэгчид дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүлээж, хүсдэг болсон. Тиймээс бид дэлхийн жишигт нийцсэн франчайз, менежмент, үйлчилгээний соёлыг Монголд нэвтрүүлэх дараагийн шатны ажлуудаа төлөвлөж, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд гадаадын амжилттай франчайз моделийг менежмент, сургалт, соёлын системтэй нь хамт нутагшуулах, Монгол ажилтнуудыг гадаадад сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх хүний нөөцийн шинэчлэл хийх чиглэлд ажиллаж байна.

-Бизнесийн салбарт зүтгэсэн 35 жилд бизнесийн ямар орчинд ажиллаж ирэв. Ямар асуудал хамгийн хүнд бэрхшээл, чөдөр болж байв? Төрийн зөв дэмжлэг туслалцаа бизнесийн салбарт байна уу?

-Сүүлийн 35 жилийн хугацаанд Монгол Улсад бизнесийн орчин сайжрах биш, харин ч улам хүндрэх хандлагатай болсон. Төрөөс бизнесийг дэмжинэ, татварын ачааллыг бууруулна гэсэн амлалтууд өгдөг ч бодит байдал дээр эсрэгээрээ татварын төрөл нэмэгдэж, ачаалал улам нэмэгдсээр байна. Жишээлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ыг бий болгож, 10 хувийн өндөр хувьтайгаар хэрэгжиж эхэлсэн. Бизнес эрхлэгчид мөн МҮХАҮТ-аас НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах, том жижиг ялгаварлалгүй шударга тэгш зарчмаар төлдөг болгохыг олон жилийн турш шаардаж ирсэн ч өнөөдрийг хүртэл бодит ахиц гараагүй л байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь улам өссөөр ирсэн нь мөн адил бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байна. Ажил олгогч, ажилтан хоёр зэрэг төлдөг тогтолцоо нь цалинг нэмэгдүүлсэн ч ажилтны гар дээр очих бодит орлого өсөхгүй, харин компаниуд НДШ-ийн өрөнд орох эрсдэлтэй тулгарч байна. Энэ нь бизнесийн тогтвортой байдал, ажлын байрны чанарт маш сөргөөр нөлөөлдөг. МҮХАҮТ-аас явуулсан судалгаагаар Монголын татварын орчин дундаас доогуур үнэлгээтэй гарсан нь эрх зүйн орчны шинэчлэл, бодлогын эрс өөрчлөлт шаардлагатай байгааг тод харуулж байна. Бизнес эрхлэгчдийн дуу хоолойг бодлого тодорхойлогчид сонсож, бодит өөрчлөлт хийх цаг хэдийнэ болсон.

-Монголын бизнесийн орчныг улам илүү таатай болгоход ямар бодлого, ямар эрх зүйн орчин дутагдалтай байна, юу хийх шаардлагатай байна вэ?

-Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том хүндрэл бол хууль эрх зүйн тогтворгүй байдал, татварын өндөр ачаалал, төрийн хүнд суртал юм. Хууль, дүрэм байнга өөрчлөгдөх, мөн монгол төгрөгийн ханшны хязгааргүй уналт гэх мэт нь бизнесийг урьдчилан төлөвлөх боломжгүй болгодог. НӨАТ, НДШ зэрэг татвар нь бизнесийн ачааллыг нэмэгдүүлж, ажил олгогч, ажилтны аль алинд дарамт учруулж байна. Мөн зөвшөөрөл, лиценз авахад олон шатны дамжлага дамжих, авлигын эрсдэл өндөр хэвээр байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд миний бие МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, Тэргүүлэгч гишүүн, Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 25 жил сонгогдон бизнес эрхлэгчдийнхээ нийтлэг эрх ашгийг төр, олон улсын байгууллагад төлөөлөх, хууль бодлогын орчинд нөлөөлөх үүрэгтэй ажиллаж байна.

-Монгол Улсын хөгжлийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын ирээдүйг би мэдлэгт суурилсан, инновац, бүтээмжийг дэмжсэн, хувийн хэвшилд ээлтэй, шударга тогтолцоотой хөгжлийн загвараар харж байна. Хүний нөөцийн чадавх, технологийн дэвшил, экспортын өрсөлдөх чадвар, тогтвортой хууль эрх зүйн орчин нь бидний ирээдүйн хөгжлийн гол тулгуур байх ёстой. Бизнес эрхлэгчдийн дуу хоолойг бодлого тодорхойлогчид сонсож, хамтдаа шийдэлд хүрдэг тогтолцоог бий болгож чадвал, Монгол илүү өрсөлдөх чадвартай, тогтвортой эдийн засагтай улс болж хөгжих бүрэн боломжтой.Манай улс асар их нөөц бололцоотой. Миний бие дэлхийн 50 гаруй орноор явахдаа, тэдгээр орноос тогтвортой бодлого, урт хугацааны стратеги, боловсролтой иргэнийг хардаг. Хөгжилд зөвхөн дэд бүтэц бус, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ёс зүй, хариуцлага хандлага чухал.

/”Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба Монголын хүч” тусгай дугаараас 2025.08 сар/