Ковид-19-ийн дагнасан дэлгүүр Нью-йоркт “хит” болж байна

Mongolian Economy
2020-12-21 16:59:33
Ангилал: Коронавирус

Өнгөрсөн жил нью-йоркчууд Зул сарын баярын бэлгийн оймсон дотроосоо чихэвч, эсвэл ноосон оймс зэргийг олж байв. Зарим азтай нь Бродвэйн шоуны тасалбартай болсон байх. Харин энэ жил оймсонд хийж болох хамгийн түгээмэл бэлэг нь гоёмсог даавуун ууттай хэт ягаан туяагаар гар ариутгагч байх төлөвтэй. Коронавирусийн халдвараас сэргийлэх бүтээгдэхүүн дагнан худалдаалдаг Нью-йоркийн анхны дэлгүүр болох cv19 Essential дэлгүүрийн ажилтан Валери Зиремагийн өгүүлснээр саваа хэлбэрийн эл ариутгагч хамгийн их борлуулалттай бараа нь гэнэ.

Macy`s их дэлгүүртэй ойрхон байрлах тус дэлгүүр Apple store болон эмийн сангийн хайбрид мэт санагдах бөлгөө. Цар тахлыг эрсдэлгүй давахыг хүсэж буй техникт дуртай, басхүү ганган харагдахыг хүсэж буй Нью-йоркийн ямар ч иргэний хүсэлд нийцэх бүх зүйл эднийд бий. Марзан өнгө, хээ, зураастай нэг удаагийн маск хамгийн их борлуулагддаг аж. Дэлгүүрийн менежер Бенжамин Ху “Хүмүүс загварлаг басхүү үр дүнтэй бүтээгдэхүүн хүсэж байна” гэж өгүүлэв. Мөн зайнаас ажилладаг төрөл бүрийн төхөөрөмж нь худалдан авагчдын анхаарлыг их татах болжээ. Маск, ариутгагч саваа зэрэг хямд бүтээгдэхүүнээс гадна дэлгүүрт орохын өмнө хүмүүсийн халууныг илрүүлдэг 10 мянган долларын үнэтэй системийг тус дэлгүүр борлуулдаг. Мөн маск өмсөөгүй хүнийг илрүүлж, түгшүүрийн дохио дуугардаг төхөөрөмж ч бий.

Манхаттэний төв нам гүм, хөл хөдөлгөөн багатай байна. Оффисийн ихэнх ажилтнууд гэрээсээ ажиллаж, жуулчид ирэхээ больжээ. Арваннэгдүгээр сар гарснаас хойш халдвар авсан иргэдийн тоо гурав дахин нэмэгдсэнээр тус хотод аюултай байдал улам даамжрав. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсдийн тоо ч үлэмж өсчээ. Зоогийн газрууд ч хаагдав. Нью-йорк хотын захирагч Билл де Бласио арванхоёрдугаар сарын 14-нд нью-йоркчуудад хандаж “хаврын сүүлчээр хэрэгжүүлсэн шиг бүтэн хөл хорионд бэлэн байхыг” анхааруулсан. Харин төрөл бүрийн бүтээгдэхүүнээс гадна түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийдэг cv19 Essential дэлгүүр хөл хөдөлгөөн, худалдан авагч ихтэй байна.

Тус дэлгүүрийг Солонгос хоолны Samwon Garden зоогийн газрын эзэн Тони Пак нээжээ. Түүнийг зоогийн газраа хэт ягаан туяаны систем, микробын эсрэг хальс, нүүрний халуун таньдаг сканнераар “тоноглосны” дараа бусад компани түүнээс зөвлөгөө авахаар хандах болсон аж. Үүнээс бизнесийн боломж олж харсан Пак есдүгээр сард зоогийн газрын салбараа нээхээр төлөвлөж байсан байрлалд Ковид-19-ийн эсрэг анхны дэлгүүрээ нээжээ. Тэрбээр саяхан хоёр дахь дэлгүүрээ нээсэн аж.

Түгшсэн, сандарсан нью-йоркчуудад зориулсан аюулгүй байдлын болон шинжилгээний дэлгүүр нээсэн нь ухаалаг алхам юм. Гэвч энэ бизнесийн хувьд оргил үе нь удаан үргэлжлэхгүй байж магадгүй. Арванхоёрдугаар сарын 14-нд Нью-йорк хот дахин хөл хорионд орохоор бэлтгэж байхад Queens дүүргийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд Pfizer-Biontech-ийн вакциныг хийлгүүлж эхэллээ. Хэрэв вакцинжуулалт хуваарийн дагуу явагдвал гар ариутгагч төхөөрөмжүүд Зул сарын баярын зарим шаардлагагүй бэлгийн нэг адил шургуулганд мартагдах болно.

 

Английн “The Economist” сэтгүүлийн контентийг “Mongolian Economy” албан ёсны эрхтэй хүргэж байна

 

Mongolian Economy